Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг өргөн барилаа
2020.04.02

Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр (2020.04.02)  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилт, 135 бодлогын арга хэмжээг тусгасан бөгөөд 2019 оны жилийн эцсийн байдлаар нэгтгэн үнэлгээ хийж танилцуулжээ.

Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2019 оны жилийн эцсийн байдлаар 78.7 хувьтай байгаа аж. Үүнийг бодлогын чиглэлээр нь авч үзвэл эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 82.1, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 68.9, нийгмийн бодлого 81.0, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 78.4, засаглалын бодлого 83,0 хувьтай байна.

Түүнчлэн хэрэгжилтийн танилцуулгад, УИХ-ын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээ, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар 2020 онд төсвийн алдагдал ДНБ-ий -5.1, 2021 онд -2.8, 2022 онд -1,4 хувь байхаар баталсан нь төсвийн алдагдлыг жил бүр бууруулах зорилтыг хангаж байна үзжээ.

Мөн инфляци улсын хэмжээнд 2019 оны жилийн эцэст 5.2 хувьтай гарсан бөгөөд өрхийн бодит орлого сүүлийн 11 улирал дараалан инфляцийг давж бодитойгоор өссөнийг дурджээ.