Х.Нямбаатар: ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтыг Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна
2020.04.14

Х.Нямбаатар: ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтыг Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд өөрчлөлт орсноор комиссын гишүүн гурав байсныг тав болгон нэмэгдүүлсэн билээ. Харин өнөөдөр Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн нь тус комиссын гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг сөхөв.

Энэ дагуу Хууль зүйн байнгын хорооноос ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн оронд болон шинэчлэн батлагдсан хуулийн дагуу томилогдох хүмүүст нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар болсон байна. ХЭҮК-ын тухай хуульд “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хамгийн өндөр оноо авсан этгээдийг комиссын гишүүн гарсан орон тоогоор санал болгоод, УИХ-аас томилно” хэмээн заажээ. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас тодрууллаа. 

-ХЭҮК-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хэзээ хэлэлцэх вэ. Түүнчлэн оронд нь болон шинээр томилогдох хүмүүсийг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалт явуулах юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ХЭҮК-ын тухай хууль шинэчлэн батлагдсан. Чуулганы завсарлагааны хугацаанд ХЭҮК-ын гишүүнийг томилох журмын тухай хуулийн төслийг боловсруулсан. Харин маргаашийн байнгын хорооны хуралдаанаар уг журмыг хэлэлцэнэ. 

Энэ журмаар хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн, дээд боловсролтой, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй хүнийг ХЭҮК-ын гишүүнээр нэр дэвшүүлэхээр заасан. 

Сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлнэ. Хоёрдугаарт, ажлын хэсэг байгуулна. Гуравдугаарт, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт гаргасан оролцогчийг бүртгэх, оролцогчийн талаарх мэдээлэл цуглуулж, нийтэд мэдээлэх, нээлттэй сонсгол явуулах, комиссын гишүүнд нэр дэвшүүлэх гэсэн үе шаттайгаар явуулна. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд есөн байгууллагын төлөөллийг оролцуулна. Тухайлбал, УИХ дахь олонх, цөөнхийн бүлгээс тус бүр нэг, Хууль зүйн байнгын хорооноос нэг, ХЗДХЯ-наас нэг, Төрийн албаны зөвлөл, ШЕЗ, Хүний эрхийн чиглэлээр 5-аас доошгүй жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсан форум, сүлжээнээс нэг, хэвлэл мэдээллийн байгууллагын санал болгосон нэг, мэргэжлийн байгууллагын нэг төлөөллийг оролцуулна. 

Журам нь маргааш батлагдмагц Хууль зүйн байнгын хорооноос ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтыг зарлана. Зарлагдмагц дээр дурдсан есөн байгууллагын төлөөлөлтэй комисс байгуулж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна. 

-ХЭҮК-ын гишүүн хэдэн жилээр томилогдох вэ?

-Бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа тохиолдолд бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө зарлана. 

Ж.Бямбадоржийн хувьд гишүүн, даргаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Нөгөө хоёр гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дууссан. Одоо таван гишүүнээс гадна эрүүдэн шүүхийн эсрэг гишүүн нэмэгдээд нийт зургаан гишүүнийг сонгон шалгаруулах ажиллагаа эхлэх гэж байна. 

Анх удаа УИХ-ын байнгын хороо сонгон шалгаруулалт зарлах гэж байна. Болзол шалгуурыг хангасан хүмүүс өөрсдөө холбогдоно. Тэдгээр хүмүүс дээр ажлын хэсэг ажиллана. Ингээд нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Хамгийн сүүлд нэр дэвшүүлэх ажлыг байнгын хороо зохион байгуулна.

-Цар тахлын эсрэг нэг удаагийн хуульд асуудлыг тусгах вэ?  

-Нэг удаагийн хуульд цар тахлын үед төр, төрийн захиргааны байгууллагууд ямар арга хэмжээг хойшлуулшгүйгээр авч хэрэгжүүлэх вэ, иргэдийн ямар ямар эрхүүдийг хязгаарлах вэ, УИХ, Засгийн газар ямар эрх эдэлж, үүрэг хүлээх вэ, үүсээд байгаа нөхцөл байдалд ямар дайчилгааны арга хэмжээ авах вэ гэдэг зохицуулалтыг оруулж байгаа. 

-Маск зүүгээгүй хүмүүст хариуцлага тооцно гэсэн?

-Эрхийн хязгаарлалт хийнэ. Олноороо цуглахыг хязгаарлана. Иргэдийн өөрсдийн авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуульчилна. Зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцно. 

-УИХ-ын дарга цах тахалтай холбоотойгоор өршөөлийн хууль гаргах асуудлыг судалж байгаа гэдэг мэдээлэл өгсөн. Нэг удаагийн хуульд энэ асуудал тусгагдах уу?

-Бидний өргөн барих гэж байгаа хуулийн төсөлд ялтан чөлөөлөх, суллах тухай огт тусгагдаагүй.