Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлахыг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаан 09 цаг 49 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенцууд, хүлээсэн үүргийнхээ дагуу эдгээрийн хэрэгжилтийг нь тайлагнаж байгаа илтгэлүүд, илтгэлүүдийг олон улсын байгууллага дээр хэлэлцсэн байдал, гаргасан дүгнэлт, Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмж, шийдвэрүүдийг нэгтгэх үүргийг Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт өгөх шаардлага байна гэлээ.
Монгол Улс олон гэрээ, конвенцид нэгдэн орсон байдаг бөгөөд энэ бүхний ард Монгол төр амлалт, үүрэг, хариуцлага хүлээж байдаг. Олон улсын гэрээ, конвенциуд дахь заалтуудаа дотоодын хууль, тогтоомждоо бүрэн тусгадаггүй, цаашдаа олон улсын байгууллагуудаас ирүүлсэн зөвлөмж, шийдвэр нь дотоодын хууль тогтоомжийг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байв. Өнөөдрийн хэлэлцэж буй хуульд өөрчлөлт оруулж буй хуулийн төсөл нь ч Ромын дүрэм дэх зохицуулалтыг хангалттай тусгаагүй гэдэг шүүмжлэлийг хэлж байв.
Хууль зүйн байнгын хороо Ц.Мөнх-оргил гишүүний удаа дараа илэрхийлж буй уг саналыг хүлээн авч, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциуд, тэдгээрийн хэрэгжилт, тэдгээрийг үндэсний хууль тогтоомжид хэрхэн тусгасан талаарх мэдээллийг Гадаад хэргийн яам болон мэргэжлийн байгууллагуудаас нэгтгэн авах, шалгах ажлыг зохион байгуулж, УИХ болон Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах асуудлыг судлах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэллээ. Гишүүд ийнхүү төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт тайлбар авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар зарчмын зөрүүтэй хоёр санал гаргаж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.