2020.04.30

Л.Мөнхбаатар: Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүдээс үг авахаа болих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн, УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгохтой холбоотой олон зохицуулалтууд орсон байна.

Өмнө нь Х.Нямбаатар гишүүн бид нарын санаачилсан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслөөс тодорхой асуудлуудыг авч оруулсан байна. Тухайлбал, хэлэлцэх эсэх асуудал шийдвэрлэгдсэний дараа нийтийн сонсгол зохион байгуулж байх, анхны хэлэлцүүлэгт төслийг зарчмын зөрүүтэй саналын дагуу биш харин зүйл бүрээр нь хэлэлцэх зэрэг бидний өмнө оруулж байсан саналууд төсөлд тусгагдсан байна. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ засаж сайжруулах хэд хэдэн зүйлүүд байгаа гэж харж байна.

Нэгдүгээрт, УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг үр дүнгүй болгодог нэг зүйл байна. Хуралдааны дарааллыг өмнөх 7 хоногт даргын зөвлөлөөр санал аваад баталдаг. Үүний дагуу хуралдах ёстой. Гэтэл УИХ-ын чуулган эхлэнгүүт хэлэлцэх асуудлын дараалал дээр үг хэлнэ гээд 7-8 гишүүн үг хэлдэг. Эдгээрийн цөөн гишүүд нь хэлэлцэх асуудалтай холбоотой үг хэлдэг, ихэвчлэн хувийн байр сууриа илэрхийлдэг индэр болчихоод байна. Энэ нь чуулганы хуралдааныг үр дүнгүй болгож байна. Иймд хуралдааныг ажил хэрэгч болгохын тулд хэлэлцэх асуудлын дараалал дээр үг хэлдэг асуудлыг болиулж, өмнөх 7 хоногт УИХТГ-т гишүүнийхээ хувиар хүсэлтээ өгч, баталсан дарааллын дагуу хуралддаг байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Өргөн мэдүүлсэн төслөөр 7 хоногийн даваа гарагт намын бүлэг, мягмар, лхагва гарагт байнгын хороо, пүрэв, баасан гарагт нэгдсэн хуралдаан хуралддаг хуучин дэгээрээ орж ирсэн байна. УИХ-ын чуулганы хуралдааны төлөвлөлтийг 7 хоногоор гаргадаг. Үүнийг цаашид өөрчлөх нь зүйтэй. Яагаад гэвэл Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын ээлжит чуулган ажлын 50-иас доошгүй өдөр чуулдаг байсныг 75-аас доошгүй ажлын өдөр буюу нийтдээ ажлын 150-иас доошгүй өдөр чуулдаг болж байна.

Иймээс ээлжит чуулганы үйл ажиллагаа уртасч байгаатай холбогдуулан чуулганы үйл ажиллагааны төлөвлөлтийг сараар нь төлөвлөхгүй бол 7 хоногоор төлөвлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Сарын эхний 3 долоо хоногт байнгын хороод, сүүлийн долоо хоногт нэгдсэн хуралдаан хуралдаж байхаар өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ бол байнгын ажиллагаатай парламентуудад байдаг нийтлэг жишиг юм.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа.