Д.Сарангэрэл сайд сайн байна аа
Д.Сарангэрэл гишүүн Эрүүл мэндийн сайдаар тун чухал бөгөөд хариуцлагатай үед ажиллаж байна. Чухал, хариуцлагатай үе гэж цар тахал дэгдсэн энэ цөвүүн цаг билээ. Өмнөд хөршид тахал дэгдэн хөл хорио тогтоож байхад бид тахлын талаар анхан шатны мэдлэггүй байлаа.
Харин ч тахлаар тоглоом хийх нь халаггүй хөндлөнтөж байсан. Гэтэл Эрүүл мэндийн яам л сүйд болоод энэ ханиад цар тахал болох гэж байна, тахал өвчин амьсгалын замаар, бохир гараар халдаж байна, урьдчилан сэргийлж болж байна, хүмүүс ээ анхаарал болгоомжтой бай гэж ухуулж эхэлсэн. Тэгж өдөр болгон ухуулж, сайд Сарангэрэл өөрөө маск зүүчихсэн гарч ирэн хүмүүст энэ өвчин тоглоом биш шүү гэж хэлээд байхад хүртэл нэг их сүйд болоогүй. “Юүн сүртэй юм, энэ сайд нь сэтгүүлч гээ биз дээ. Сэтгүүлч нар сүртэй, сүржигнэж байгаа юм” гэцгээж байв.
Гэвч сайдын хэлсэн сануулсан болгон үнэн байсан. Удалгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал дэлхийд дэгдлээ гэдгийг зарлан мэдээлж манай Эрүүл мэндийн яамныхны хэлээд сануулаад байсныг ярьж эхэлсэн. Тахлыг хөрөнгө чинээтэй, баян тарган, цэргийн сүр хүчээр энэ дэлхийн хүн бүрийг айлган чичрүүлдэг том гүрнүүд дотооддоо алдан ард түмнээ өвчлүүлэн, амь насыг нь хохироож эхлэв. Том хөгжингүй орнуудын удирдлага энэ өвчинд тоомжиргүй хандан их зан гаргаж ядахдаа маск зүүж доошоо орохгүй гэж гөжүүдэлснээс өвчин бүүр гаарсан.
Монголчууд энэ бүгдийг хараад шууд л энэ том гүрнүүд хязгаарлаж, эмчилж дийлэхгүй байгаа юм чинь ядуу буурай, хүн цөөнтөй, шинжлэх ухаан хөгжөөгүй, дээрээс нь эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлэг муу манай улс одоо яана аа гэж айцгаасан. Хүн болгон л өвчин тахал гэдэг чинь ийм аймаар зүйл юм байна гэдгийг мэдэрч байв. Дээрээс нь эмчлэх эм, сэргийлэх вакцин нь гараагүй байгаа нь бүүр ч хэцүү санагдаж яажшуухан амьд мэнд амьдарна даа гэсэн бодол төрж байлаа.
Энэ хэцүү цагт Эрүүл мэндийн яам хөл хорио тогтоон урьдчилан сэргийлж, ил тод мэдээлж, байгаа жаахан хөрөнгөө эм, эмийн нөөц, тоног төхөөрөмж авах, хамгийн гол зүйл болох оношлогооны багаж авахад чиглүүлэн зарж чадлаараа ажиллалаа. Дэлхий бидний ядуу хоосныг дурдан, Хятад улстай хамгийн урт хилээр хиллэдэг, инээд хүрмээр хоцрогдсон эмнэлэгтэй, бөглүү буйд, хамгийн түрүүнд өвчин тахал гарна гэж эрээ цээргүй хэлж байлаа. Харин манай монгол хүн ямар байдгийг, тулаад ирсэн үед яадгийг тэд мэдсэнгүй.
Сарангэрэл сайд ядуу орны Эрүүл мэндийн сайд, маскны ганц үйлдвэртэй, тэр нь түүхий эд доголдсон, тахал дэгдвэл юугаар яаж эмчлэхийг таамаглахаас цаашгүй хэдэн эмчтэй, оношлуурын ганц ч аппаратгүй тахлын өөдөөс сөрөн зогссон цаг саяхан мэт. Одоо тэгвэл дотооддоо өвчин алдаагүй цөөхөн орны тоонд орж, гадаадаас өвчтэй зовлонтой хүмүүсээ авч ирэн эмчилж, эмч нар нь зориг зүрх орчихсон, яаж эмчилдгээ мэддэг болчихсон ийм байна. Энэ бүхэнд ЭМЯ-ыг удирдаж байгаа сайд Д.Сарангэрэлийн ажлын ур чадвар, мэдээллийг түргэн боловсруулах дадлага, хэнээс ч хамаагүй одоо яах вэ гээд асуучих нэрэлхэх зангүй сэтгүүлчийн чанар, авсан мэдээлэл дээрээ үндэслэн ажлыг шуурхай зохион байгуулах авьяас зэрэг нь ихээхэн нөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Д.Сарангэрэл сайд та сайн байна, өөр хэлэх зүйл алга, улам хичээгээрэй.