2020.07.08

Г.Дамдинням: Дарханы замын ажлын төлөвлөгөө гаргаж ард түмэнд танилцуулаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

“Ерөнхий сайдын дэвшүүлж байгаа сайд нарын бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун байна. Зам тээврийн хөгжлийн сайдад Л.Халтарт Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийг дайран өнгөрч буй транзит зам болох энэ дарханы замын асуудал таны чихнээс салахгүй. Өрөөнд тань очоод суучих байх шүү. Энэ чуулган завсарласан ч ээлжит бус чуулган хуралдах байх. Энэ үед ард иргэдэд үнэн зөв төлөвлөгөө танилцуулаарай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад мэргэжлийн хүн томилогдож байгаад баяртай байна. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлал, концессыг таниас шаардана. ЗГХЭГ-т асуулга хүргүүлнэ. Энэ үйлдвэр аж үйлдвэрийн цогцолбор болж босч ирэх ёстой ч ухаад гаргадаг нэг компани болсон байна лээ. Энэ уурхайд дарханы иргэдийг ажлаар хангах тал дээр ухралт хийж байгаа юм билээ. Би энэ салбараар Канад улсад 7 жил боловсрол эзэмшсэн. Г.Ёндон сайд иргэд, компани, зөв засаглалын оролцоог хангах тал дээр анхаараарай. Үүн дээр УИХ-д лобби бүлэг би байгуулж ажиллана. Дэмжинэ. Оюутолгойн гэрээг сайжруулах тал дээр ч анхаараарай.

БСШУС-ын сайд Л.Цэдэвсүрэнд баяр хүргэе. Хамт ажиллаж байсан, мэргэжлийн хүн томилогдож байгаад баяртай байна. Боловсролын олон улсын стандартыг шат шатны системд нэвтрүүлээрэй. Кэмбриджийн боловсрлын системийг ч үргэлжлүүлээрэй. Аймаг бүрт 1, төв суурин газар болох Дархан-Уул, Орхон аймагт шинэ жишиг сургуулиудыг бий болгоорой.

Судалгааны их сургууль болох, ШУА-ийн бүтэж дээр сайн ажиллаарай. Засгийн газрын бие бүрэлдэхүүнд амжилт хүсье.”