2020.07.23
Иргэдийн онцгой комисс санаачилгын төлөөлөлтэй уулзав
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл УОК-ын гишүүдийн төлөөлөл Иргэдийн онцгой комисс санаачлагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Иргэдийн онцгой комисст гадаадад гацсан Монгол Улсын иргэдээс гурван мянга орчим өргөдөл, санал хүсэлт ирсэн тухай Шадар сайдад танилцуулcан юм. Улсын Онцгой комиссын дарга иргэдийн татан авалттай холбоотой мэдээлэл хүртээмжтэй, ил тод байх ёстой талаарх байр суурийг өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийлсэн. Тэр дундаа иргэний өгсөн өргөдөл ямар шатанд байгаа, тухайн иргэн хэзээний нислэгт багтах боломжтой зэрэг мэдээллээр хангахыг чиглэл болгосон юм.
Энэ дагуу БНСУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газраас эхлэн гадаад улс орнууд дахь Элчин сайдын яамд өөрийн шугамаар дээрх чиглэлийн мэдээллийг байршуулан ажиллаж эхлээд байна. Хоёр тал харилцан санал солилцон, цаашид Улсын Онцгой комиссын гаргасан албан ёсны мэдээлэл дээр үндэслэн ард иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд хамтран ажиллах боллоо.