Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Японы Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзав
2020.07.20

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Японы Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд  Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгигээс баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

COVID-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын нягт хамтын ажиллагаа нэн чухал байгааг Элчин сайд Х.Кобаяши онцолж, Япон Улсын Засгийн газар яаралтай хөнгөлөлттэй иенийн зээл олгох зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүнд талархаад “COVID-19”-ийн улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа тул дээрх дэмжлэгийг ойрын хугацаанд олгохыг хүсэв. Мөн Японы хөрөнгө оруулалт, дэвшилтэд технологийг нэвтрүүлж, Монголын экспортыг дэмжих хүрээнд жишиг үйлдвэр байгуулах санал тавив.

Талууд Монгол, Японы харилцааг дараагийн 4 жилд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг тохирох, дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг эртнээс сайтар хангаж ажиллахаар ярилцав.