Ерөнхий сайд Хэнтий аймгийн засаг даргыг сахилга хариуцлагыг чангатгаж, шуурхай ажиллахыг хүслээ
2020.08.11

Ерөнхий сайд Хэнтий аймгийн засаг даргыг сахилга хариуцлагыг чангатгаж, шуурхай ажиллахыг хүслээ

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа.

Засгийн газрын тэргүүн түүнд баяр хүргэж, Хэнтий аймагт гадаадын төсөл хөтөлбөрийн болоод улсын төсвийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа энэ үед түүнийг хариуцлагатай, хяналттай, цаг хугацаанд гүйцэтгүүлж, хүлээн авах, өвөлжилтийн бэлтгэлд анхаарах, сахилга хариуцлагыг чангатгаж, эрч хүчтэй шуурхай ажиллахыг даалган амжилт хүслээ.

Тэрбээр наймдугаар сарын 7-ны өдөр ажлаа хүлээлцэж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас тамгаа гардан авсан бөгөөд наймдугаар сарын наймны өдөр ЗДТГ-ын харьяа хэлтсүүд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нартай уулзалт хийж хэд хэдэн шийдвэр гаргасан. Онцолбол Хэрлэн суманд болсон үерийн улмаас эвдэрсэн замыг засварлах, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн ААН-д хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байх. Засгийн газрын шийдвэрийн дагуу сумын нөөцөд 200 тонн, аймгийн нөөцөд 600 тонн өвс бэлтгэх ажлыг эрчимжүүлэх. Чингис хотын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсвийг гаргах ажлын хэсгийг байгуулах гэх мэтчилэн шийдвэрүүд гаргаад байна.