АБГББХ: Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2020.08.19

АБГББХ: Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

 Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.18) хуралдаан 16 цаг 10 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр хүрэлцэн ирсэн гишүүн; хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй гишүүн, түүний шалтгаан, үндэслэл; хуралдаан тасалсан гишүүн гэсэн дарааллаар танилцуулахаар хуульчилсны дагуу Байнгын хорооны дарга Б.Баттөмөр ирцийг танилцуулсан.

 Ирцийг танилцуулсны дараа Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулав.

Корона вирусийн халдвар цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учирч, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4-6 хувьд хүрэхээр байгаа гэлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд -9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буураад байгаа гэв. Иймд Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах, экспортыг далайцтай нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг тэрбээр танилцууллаа.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв. Гэнэтийн давагдашгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Үүний зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулахын зэрэгцээ эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлж байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгын үеэр дурдсан. Төсвийн орлого тасрах гол шалтгаан болж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэв. Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм.

Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд буюу Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, ОБЕГ, Цөмийн энергийн комисс гэсэн дөрвөн байгууллагын хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцэх ёстойг Байнгын хорооны дарга танилцуулсан.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг, Н.Энхболд нар үг хэллээ. Гадаад бодлогын чиглэлийн үйл ажиллагааг дэмжих тал дээр Сангийн яам анхаарч ажиллах ёстой гэдэг саналыг гишүүд хэлж байв. Гадаад бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг шинэ хэлбэрээр явуулах буюу цахимжуулах ажил эхэлж байсан нь үргэлжлэх ёстой бөгөөд салбар бүх шатандаа шинэ технологи, тоног төхөөрөмжтэй болж, ажилтнууд сургалтад хамрагдаж байх шаардлагатай.

Ингэхдээ дотоодын нөөц бололцоогоо бүрэн дайчлах боломж бий гэдгийг хэлж байсан. Унгар, Герман, Польш зэрэг улсад цагдаагийн төлөөллийг ажлуулах ажлыг хэлэлцэж байсан бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор хойш татаж болохгүй, бага багаар ч гэсэн энэ чиглэлийн ажлыг ахиулж байх шаардлагатай гэдэг саналыг Д.Цогтбаатар гишүүн хэлсэн.

Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийснээр, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Хуралдаанаар “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөг, төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцсэн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалах Батлан хамгаалахын сайд, Гадаад харилцааны сайд, Цөмийн энергийн комисс, ОБЕГ-ын нийт 77 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 417 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 389.5 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 27.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 60 хувь буюу 250.3 тэрбум төгрөгийг Батлан хамгаалахын сайд, 16.3 хувь буюу 67.8 тэрбум төгрөгийг Гадаад харилцааны сайд, 0.4 хувь буюу 1.7 тэрбум төгрөгийг Цөмийн энергийн комисс, 23.3 хувь буюу 97.1 тэрбум төгрөгийг ОБЕГ-ын зарлага эзэлжээ. Улсын төсвөөс 376 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 45.8 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр 7.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулав.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйл, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан Үндэсний Аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Тус Байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар танилцууллаа. Гадаад харилцааны болон Батлан хамгаалахын сайд нар тус тус зөрчилгүй дүгнэгдсэн байна.

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харъяа 1 төсвийн төвлөрүүлэн захирагч, 43 төсвийн байгууллага, гадаад оронд суугаа ДТГ, 2 төсвийн байгууллага, 2 төрийн өмчит аж ахуйн нэгж, 2 тусгай сан, 1 төслийн нэгж, нийт 51 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 4 байгууллагад санал, дүгнэлт гаргаж, 44 байгууллага аудитын түүвэрт хамрагдан, 3 байгууллага аудитад хамрагдаагүй байна.

Санал, дүгнэлт гаргасан 4 байгууллагаас 3 байгууллага зөрчилгүй, 1 байгууллагад хязгаарлалттай дүгнэлт өгчээ. Аудитад хамрагдаагүй байгууллагуудын 2 нь буюу Олон улсын хамтын ажиллагааны сан, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв татан буугдсан бол Монголын мянганы сорилтын сан төрийн өмчийн үйлдвэрийн газар тайлант онд шинээр нэмэгдэж нэгтгэгдсэн болохыг аудитын дүгнэлтэд дурдсан юм. Харин хязгаарлалттай дүгнэлт авсан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга, ажилтнууд 12.9 сая төгрөгөөр өөрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой баримт материалыг орчуулсны хөлсийг авч төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулжээ.

Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 7.7 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 3.2 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн 2 акт тогтоож, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 4 албан шаардлага, 4.2 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 26 зөвлөмж хүргүүлсэн байна. Өмнөх оны аудитаар нийт 16.5 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснийг 13.1 тэрбум төгрөгийн алдааг залруулсан бол тайлант онд илэрсэн алдаа зөрчил нь өмнөх оноос 6.9 тэрбум төгрөгөөр буурсан гэлээ.

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 87 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 46 байгууллагад санал, дүгнэлт гаргаж, 35 байгууллага аудитын түүвэрт хамрагдан, 6 байгууллагад итгэл үзүүлсэн байна.  Санал, дүгнэлт гаргасан 46 байгууллагаас 40 байгууллага зөрчилгүй хэмээн дүгнэгдсэн бол Зэвсэгт хүчний 017, 310, 339 дугаар ангиуд, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газар, ЗХЖШтаб зэрэг 6 байгууллага хязгаарлалттай дүгнэлт авсан байна.

Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 18.8 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 1.6 тэрбум төгрөгийн 11 алдааг залруулж, 0.5 тэрбум төгрөгийн зөрчилд 24 төлбөрийн акт тогтоож, 23 албан шаардлага, 2.5 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 97 зөвлөмжийг хүргүүлсэн гэлээ.

Сангийн сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авсан. Ийнхүү Байнгын хороо “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтсон