Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийн талаар илтгэл болон аудитын дүгнэлтийг сонсов
2020.08.17

Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийн талаар илтгэл болон аудитын дүгнэлтийг сонсов

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар  Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн, Үндэсний Аудитын газраар аудит хийлгэн Улсын Их Хуралд танилцуулж буйг тэрбээр дурдлаа. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1093 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3472 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан байна. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэсэн гэлээ.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөг, төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцсэн байна. Эдийн засгийн өсөлтийг хангаж, санхүү мөнгөн хөрөнгийг оновчтой удирдан төсвийг Засгийн газрын дотоод, гадаад үнэт цаас гаргахгүйгээр төсвийн санхүүжилтийг олгож, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулсан жил байсан хэмээн илтгэлд тэмдэглэв.

Монгол Улсын 2019 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 8.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 623.9 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувиар давж, улсын төсвийн зарлага 9.2 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр төлөвлөснөөс 111.5 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар бага байгаа аж. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийг 1 их наяд 317.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнаж байгааг Сангийн сайд илтгэлдээ танилцууллаа.

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 6.1 их наяд, авлага 5.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 8.5 их наяд, үндсэн хөрөнгө 37.6 их наяд төгрөг хэмээн тайлагнасан байна. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Үндэсний Аудитын газраас хязгаарлалттай санал, дүгнэлтийг дараах алдаа дутагдалтай холбоотой гаргажээ. Үүнд, дампуурсан банк, хадгаламж зээлийн хоршооноос авах 37.6 тэрбум төгрөгийн найдваргүй, дамжуулан зээлийн 593.3 тэрбум, Засгийн газрын тусгай сангуудын 138.6 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн авлагын үлдэгдэлтэй. Гадаад зээлийн 23 төсөл хөтөлбөрийн эх үүсвэрээс дамжуулан зээлдүүлсэн 649.5 тэрбум төгрөгийн зээлийг 35 байгууллага санхүүгийн тайландаа өглөгөөр бүртгээгүй. Зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд бий болсон 338.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй зэрэг болохыг илтгэлд дурдсан юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулсан. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 12 их наяд 40.3 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 767.8 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 10 их 905.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөснөөс 1 их наяд 23.5 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн байна.

Төсвийн орлого төлөвлөснөөс ийнхүү давсан нь уул уурхайн голлох нэр төрлийн зарим эрдэс, бүтээгдэхүүний биет хэмжээ өмнөх оноос өссөн, татварын бүртгэл, мэдээллийн системд хамрагдалт сайжирсан, экспорт, гадаад худалдааны эргэлт нэмэгдсэн зэрэг тайлант хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлого арга хэмжээний үр дүнд төсвийн татварын орлого төлөвлөснөөс давж биелсэн байна.

Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 11 их наяд 661.7 тэрбум төгрөгт хүрч, 96.3 хувь буюу 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй байгаа нь урсгал зарлагыг 303.6 тэрбум, хөрөнгийн зардлыг 388.9 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна.  Нэгдсэн төсвийн нийт тэнцлийг 2 их наяд 224.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ нь ДНБ-ий 2 хувьтай тэнцүү ба Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангаж байгаа аж.

Засгийн газрын нийт өр тайлант оны эцсийн байдаар 24 их наяд 199.7 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр тооцсоноор 20 их наяд 525.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь ДНБ-ий 55.6 хувьтай тэнцэж байгаа аж. Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос 1 их наяд 832.7 тэрбум төгрөгөөр өссөн, өрийн үлдэгдэлд гадаад өр 85.7 хувь, дотоод өр 5.8 хувь, өрийн баталгаа 4.4 хувь, барих-шилжүүлэх төрлийн концесс 4.1 хувийг тус тус эзэлж байгаа юм байна. Төгрөгийн ханшийн сулралаас шалтгаалж гадаад өрийн төгрөгөөр илэрхийлсэн үлдэгдэл 706.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар 3 их наяд 200.5 төгрөгийн төсөвт өртөгтэй 1281 төсөл, арга хэмжээнд 1 их наяд 555.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталснаас 373 төсөл, арга хэмжээ буюу 29.1 хувь нь өмнөх оноос шилжсэн, 908 төсөл арга хэмжээ буюу 70.9 хувийг тайлант онд шинээр хэрэгжүүлэхээр тусгасан байжээ.

Энэ нь өмнөх онтой харьцуулахад төсөл арга хэмжээний тоо 71.5 хувиар, санхүүжих дүн нь 1.2 дахин буюу 931.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн болохыг  аудитын дүгнэлт дурдсан байв. ТЭЗҮ хийгдсэн, зураг төсөл батлуулсан байх шаардлагатай шинээр хэрэгжүүлэх 638 төсөл арга хэмжээний 84.3 хувь буюу 538-ыг нь санхүүжүүлэх хуулийн шаардлага хангаагүй, зураг, төсөвгүйгээр тусгаснаас үүдэн гүйцэтгэл нь удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй болох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Тайлант онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46 сургууль, 75 цэцэрлэг, 14 дотуур байр, соёл спортын 42 барилга, 30 эмнэлэг, 63.6 км автозам, 341.7 м урт гүүрэн байгууламж, 2000 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд бүтцийн 39, бусад салбарын 25 барилга байгууламж тус тус ашиглалтад оржээ. Улсын төсвийн санхүүжилтийн гүйцэтгэл 1 их наяд 422.6 тэрбум төгрөг буюу 91.6 хувь гэж тайлагнасныг аудитаар хянахад 1 их наяд 203.1 тэрбум төгрөг буюу 77.5 хувийг бодит гүйцэтгэлээр, 59.8 тэрбум төгрөгийг буюу 3.8 хувийг банкны баталгаанд үндэслэн санхүүжүүлж, 159.7 тэрбум буюу 10.3 хувийг Засгийн газрын 2019 оны 430 дугаар тогтоолын дагуу 10 төсвийн ерөнхийлөн захирагчийн барьцаа хөрөнгийн дансанд байршуулж, зарцуулагдаагүй үлдэгдэл 130.8 тэрбум төгрөг буюу 8.4 хувийг төсөвт татан төвлөрүүлсэн байна. Улсын төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашиг сэдвээр хийсэн гүйцэтгэлийн аудитаар нийт 267.1 тэрбум төгрөгийн 384 зөрчлийг илрүүлж, 40 зөрчилд хамаарах 4.8 тэрбум төгрөгийн төлбөрийг акт тогтоож, 117 зөрчлийг арилгуулахаар 103.3 тэрбум төгрөгийн албан шаардлагыг өгч, 152.2 тэрбум төгрөгийн 213 зөрчлийг арилгуулах зөвлөмж, 6.8 тэрбум төгрөгийн 14 асуудлыг хууль хяналтын байгуулагад шилжүүлэн шалгуулахаар тус тус хүргүүлэв.

Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдтэй нийцүүлж баталж, салбарын түвшинд төлөвлөөгүй төсөвлөлт, шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг хуульд тусгаж буй зөрчлийг давтан гаргахгүй байх чиглэлээр эрх зүйн хариуцлагын тогтолцоог бүрэн бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэжээ.

Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 55 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харъяа нийт 6542 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Үүнээс зөрчилгүй 47, хязгаарлалттай 8 дүгнэлтийг аудитаас гаргажээ.