Хуш модны самрыг түүх хуулийн хугацаа есдүгээр сарын аравнаас эхэлнэ
Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас самрын ургацын байдал, самар түүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн самар түүхтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өгсөн юм.
Монгол орны нийт газар нутгийн 7,9 хувь ойгоор бүрхэгдсэн байдаг. Харин байгалийн ойн талбайн ердөө таван хувь нь хушин ой юм. Хушин ой нь 10 аймгийн 63 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд тархан ургадаг. Манай оронд ургаж байгаа хушин ойн сангийн нийт талбай нь 612,9 мянган га, нөөц нь 111,2 сая шоометр бөгөөд Монгол улсын байгалийн ойн талбайн 5,25 хувь, ойн нөөцийн 8,9 хувийг эзэлдэг.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Байгаль орчин, аялал жуулчлалын яам ХАН буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллаж байгаа. Энэ утгаараа бид байгалийн баялаг болсон хушин ойгоо хамгаалах, иргэдэд зөв зохистой ашиглуулах, эргээд нөхөн сэргээх чиглэлээр ажиллана. Гэтэл самар түүх хугацаа болоогүй байхад түүснээс болж өнөөдөр олон асуудал үүсч байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийт хушин ойн 40 хувь доройтолд орсон харамсалтай мэдээ байна. Мөн самрын болц гүйцээгүй байхад унагаах гэж хүчилснээс иргэд модноос унах, цаашлаад амь насаа алдах, гэмтэж бэртэх асуудал жилээс жилд нэмэгдэж байгаа. Сүүлийн үед цахим орчинд самар түүж, зарж байгаа хүүхэд, хөгшдөд хатуу хандлаа гэсэн шүүмжлэлүүд газар авсан. Мэргэжлийн байгууллагууд хууль журмын дагуу ажиллаж байхад хүүхэд, хөгшдийг дээрлэхсэн мэтээр буруутгаж болохгүй. Ард иргэд мэдээж байгалийн баялагаасаа хүртэх эрхтэй. Хамгийн гол нь бүх зүйлийг зохих зөвшөөрлийнх нь дагуу хийвэл аль, аль талдаа асуудал үүсэхгүй.”
БОАЖ-ын Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа: “Иргэд хуш модны самрыг түүхдээ гурван зүйлийг анхаарах шаардлагатай байгааг хэлмээр байна. Нэгт, иргэд өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Модруу авирснаас унаж бэртэх, амь насаа алдах, зэрлэг амьтдын дайралтад өртөх гэх мэт эрсдэлүүд үүрч байна. Хоёрт, хавар, намрын улиралд ойд гал гаргах, гал асуудал түгээмэл гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх. Гуравт, Самрын ишийг түнших тохиолдолд зөөвлөгч хэрэглэж, зөв технологийн дагуу самар түүх хэрэгтэй.”
Экологийн цагдаагийн Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Нэмэхбаатар: Хуш модны самрыг зөвшөөрөлгүй түүх буюу Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд 5400 нэгж буюу 5 сая 400 төгрөгөөс 27000 нэгж болох 27 сая төгрөг хүртэл мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хорих, эсвэл 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах хуулийн заалттай байдаг. Иймээс иргэд олон нийт хуулийн хугацаа эхлээгүй байхад зөвшөөрөлгүй самар түүхгүй байхыг анхааруулъя.”
НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг: “Хуш модны самрыг түүхдээ 30 хувийг түүж, 70 хувийг байгальд нь үлдээх ёстой байдаг. Энэ нь ойг эргээд нөхөн сэргээх боломжийг олгохоос гадна самран идэштэн амьтдын хоол хүнсийг үлдээж байгаа хэрэг юм. Гэтэл самрыг зөвшөөрөлгүйгээр мөн буруу техникээр түүснээс үүдэж хуш мод эргэн сэргэх боломжгүйгээр гэмтэж байгаа тохиолдлууд жил ирэх тусам нэмэгдэж байна.”
Хуш модны самрын энэ жилийн ургацын байдлыг аймаг, сумдыг хариуцсан Ойн анги судлан тогтоож, мэдээ ирүүлсний дагуу БОАЖЯ-ны харъяа “Ойн судалгаа, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар хушин ой бүхий аймаг, сумдад самрын ургацын тархацын байдал, болцыг дээж аван судалж, дүгнэлт гаргасан. Судалгаанд хамрагдсан газруудаас 8 аймгийн 25 сумдын ойн санд хуш модны самар их ургацтай, 10 аймгийн 38 сум, Нийслэлийн ногоон бүсийн ойн санд дунд ургацтай байна. Ингэснээр Монгол Улсын хушин ой бүхий газруудын 39.7 хувь нь сайн, 60.3 хувь нь дунд ургацтай байна.