Хүүхэд хамгааллын "Эрдэм" төвийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ
УИХ-ын гишүүн, Иновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал Хүүхэд хамгааллын "Эрдэм" төвийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ.
Монгол улсад чимээгүйхэн хэрнээ тахал мэт хүндхэн хор уршиг дагуулж буй зүйл бол "Гэр бүлийн хүчирхийлэл". Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хохирогсдын 87.2% нь эмэгтэйчүүд байдаг бол 11%-ийг бага насны хүүхдүүд эзэлж байна гэсэн судалгаа байдаг.
Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй гэдэг. Тиймээс архины хамааралтай болон орон гэргүй, нийгмийн онцгой хамгаалал хэрэгтэй иргэдийн хүүхдүүдэд ч гэсэн онцгой анхаарал халамж, төрийн тодорхой бодлого шийдвэр, дэмжлэг хэрэгтэй байна. Төрийн энэхүү чиг үүргийг зарим сайн санаат иргэд маань өөрийн санал санаачлагаар хэрэгжүүлж ажиллаж байгаа тохиолдол цөөнгүй.
Тэдний нэг бол "Эрдэм" төвийн үүсгэн байгуулагч Өнөрөө болон түүний гэр бүлийн сайхан сэтгэл, үйлсийн үр шимээр уг төвд өнөөдөр 2 сартайгаас 16 нас хүртэлх 30 гаруй хүүхэд амьдарч, сурч хүмүүжиж, амьдралын гараагаа энэ төвөөс эхлүүлж байна.
Тэдэнд олон хүндрэл бэрхшээл байгаа тухай энэ үеэр ярилцлаа. 2018 онд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх тус төвд зочлох үеэрээ "Эрдэм" төвийн одоо байрлаж буй газар болон барилгыг тус төвийн өмчлөлд шилжүүлэх ажлыг эхлүүлж улмаар 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хурлаар тус шийдвэр баталгаажсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл тус асуудал доод болон дунд шатанд хэрэгжиж эхлээгүй байна. Н.Учрал гишүүн өөрийн чадах хэмжээнд тус ажлыг яаралтай шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахаа хэллээ.
Түүнчлэн "Эрдэм" төв нь төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авдаггүй, гагцхүү сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хатуухан хэлэхэд төрийн хийх ёстой ажлыг энэ буянт хүмүүс хийж байна. Тиймээс тэдэнд улсаас олгогдох ёстой хүүхэд хамгааллын төсөв болон хувьсах зардлын төсвүүдийг олгуулах талаар тэрээр ажиллахаар боллоо.
Энд өсч бойжиж буй хүүхдүүд яг л гэртээ байгаа мэт тохь тухтай орчинд хэнээс ч дутахааргүй өсч, хүмүүжиж байна.
Америкийн Нэгдсэн Улсад зохиогдсон хүүхдийн хөгжмийн наадамд хоёр жил оролцоод 2, 3 дугаар байр эзэлсэн хүүхэд ч эдний дунд бий. Төр өөрийн үүргээ жаахан ч гэсэн ухамсарлаж эдгээр хүүхдүүд рүүгээ чиглэсэн бодлого, шийдвэрийг гаргаж ажиллах хэрэгтэй байна. Энэ талаар цаашид УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилга гарган ажиллахаа илэрхийллээ.