2011.03.16

Шүхрэн "тэнгэртэй" эко хотыг Арабууд байгуулн

Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаа болон техник технологийн хөгжлөөс улбаалан байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, дэлхийн дулаарал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс хүмүүс шинэ техник технологио байгальд ээлтэй болгохоор хичээж буй. Сүүлийн үед дэлхийн улс орнууд эко хот болох зорилт тавин алхам алхмаар шинэчлэлт хийж байна. Эко хот болохын тулд өвс идэж, ус ууж, лаа асааж амьдарна гэсэн үг биш. Бид өдөр тутмын амьдралын хэв маягийг жаахан л өөрчлөхөд хангалттай.

Нидерландын Амстердам


Дэлхийн хамгийн том хотуудын нэг болох Амстердам ногоон хот болохын тулд эрчим хүчээ хэмнэж, дэд бүтцээ шинэчилж байна. 2009 онд тус улсын "Nuon", "IBM", "Cisco" зэрэг компани 500 айлын цахилгааны эх үүсвэрийг шинэчлэх төсөл хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд эрчим хүчний хэрэглээгээ 14 хувь, нүүрс төрөгчийн ялгарлыг багагүй хэмжээгээр бууруулав. Түүнчлэн 700 гаруй айл байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр дээврийн дулаалгаа шинэчилж, чийдэнгээ сольжээ.Амстердам хот 2025 он гэхэд эрчим хүчний хэрэглээгээ 40 хувь бууруулах төлөвлөгөөтэй. Цахилгаан хөдөлгүүртэй машиныг олон зуугаар нь нэвтрүүлж, нарны эрчим хүчээр машинаа цэнэглэдэг болохыг зорьж байгаа гэнэ. Үүний тулд 2016 он хүртэл жилд 100 тэрбум евро зарцуулахаар төлөвлөжээ.

Канадын Викториа хот


Тус хот олон нийтийн тээврийн хэрэгслээ шинэчилж, эрчим хүчээ хэмнэх төсөл хэрэгжүүлэхээс гадна хог хаягдлаа дахин боловсруулахад нэлээд анхаарч байна. Хотын ногоон байгууламжийг хариуцдаг засаг захиргааны нэгж хүртэл байгуулжээ. Викториа хотод шинээр баригдаж буй барилгуудыг "LEED" хэмээх шинэ стандартаар барьж эхлэв. Ингэснээр эрчим хүчийг 31, усны хэрэглээг 22  хувиар хэмнэх болжээ. Тус хотынхон 2012 оноос түлшгүй хөдөлгүүрт автобусуудыг нийтийн үйлчилгээнд явуулна. Викториа хотынхны дийлэнх нь дугуйгаар явдаг тул олон ийм замтай. Түүнчлэн гэрлэн дохионуудыг лэд гэрлээр сольж байгаа юм. Энэ нь удаан хугацаагаар тод асахаас гадна маш бага цахилгаан зарцуулдаг.

Швейдийн Малмо

Малмо бол эрчимтэй хөгжиж буй хот. Үйлдвэрлэлийн томоохон төв байсан тус хотод одоо Во01 хэмээх төсөл хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй ногоон дүүрэг байгуулж байна. Тус дүүрэг нь 10 мянган оршин суугч, 20 мянган ажилчин, оюутантай бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарч байгаа гэнэ. Малмо хотын барилгуудын дээвэр дээр усны тусгай суваг i байгуулжээ. Дээвэр дээр хуримтлагдсан борооны ус уг сувгаар дамжин далай руу цутгадаг юм байна.Хотын цахилгаан, дулааны хэрэгцээг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан бөгөөд нарны эрчим хүч хураах нийт 1400 ам метр хавтан байрлуулжээ. Энэ нь хотын байшин барилгыг гэрэлтүүлэхэд хангалттай аж. Өнгөрсөн жилээс хотынхон ажил, сургуульдаа дугуйгаар явах болж. Мөн Малмо хотод дэлхийн гурав дахь том салхин паркийг байгуулжээ.

Германы Ганбург хот

Гамбург хотыг ирээдүйн эко хот хэмээн саяхнаас нэрлэх болов. Усан онгоцны боомт бүхий тус хот өнгө төрхөө эрс өөрчилж байна. Энд шинээр барьж буй барилга, байшингуудад гурван шинэ стандарт ашиглаж эхэлжээ. Энэ нь байгальд хор хөнөөлгүй материал, эко технологи ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл. Ингэснээр хотын цахилгаан эрчим хүчийг 30 хувиар хэмнэх болжээ. Түүнчлэн эрчим хүчнийхээ 10 хувийг салхинаас гарган авч байна. Харин гэрэлтүүлгийг нарны эрчим хүчээр асаахаас гадна байшингуудын дээвэрт мөн ус хуримтлуулах систем ашигладаг.

Хятадад 350 мянган хүнтэй эко хот сүндэрлэнэ


Хятадын Тяньжин мужид сүүлийн үед "ногоон" байшингууд олноор сүндэрлэж байгаа. Учир нь тус мужид 30 ам километр талбайг хамарсан эко бүс байгуулахаар төлөвлөжээ. Тэнд эрчим хүчний хэмнэлттэй технологиудыг ашиглах бөгөөд 2020 он гэхэд цахилгааны хамгийн хэмнэлттэй хот болно. Түүнчлэн цахилгаан хэмнэдэг, удаан, тод асдаг орчин үеийн дэвшилт технологи бүхий гэрэлтүүлгээр хотоо чимэх гэнэ. Ингэж гэрэлтүүлэхийн тулд цахилгаанаа нарны эрчим хүчээр хангах юм байна. Шинэ суурьшлын бүс рүү хотын төвөөс 10 минут давхиад л хүрнэ. Энэ хотыг 350 мянган оршин суугчтай байхаар төлөвлөжээ.

Арабын нэгдсэн Эмират улсын Масдар, Абу Даби хот


Дундад Азийн орнууд гэхээр элсэн цөлөөр төсөөлөгддөг. Тэгвэл Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хот ойрын 5-10 жилийн дотор нүүрстөрөгч огт ялгаруулдаггүй дэлхийн анхны хот болох зорилт тавьжээ. Тус хот ногоон хот болохын тулд агаар бохирдуулдаг хатуу түлш ашиглахаас татгалзаж, нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр хотынхоо гэрэл цахилгааныг хангана. Зөвхөн нарны эрчим хүч ашиглах технологи нэвтрүүлэхэд 15-30 тэрбум доллар зарцуулахаар тооцоолжээ.Түүнчлэн тус улсын Масдар хот зөвхөн нарны болон бусад сэргээгдэх эрчим хүчээр хотынхоо эрчим хүчний хэрэглээг хангаж, ямар ч нүүрстөрөгч ялгаруулдаггүй, хог хаягдалгүй хот болох томоохон зорилт тавьжээ. Энэхүү зорилтоо долоон үе шаттай хэрэгжүүлж, 2016 он гэхэд бүрэн дуусгах аж. Нарны эрчим хүч цуглуулдаг хавтан бүхий том шүхрүүд тэнгэр баганадаж, хотыг бүрхэх нь ээ. Уг шүхрүүд өдөр хуримтлуулсан нарны эрчим хүчийг шөнөдөө дулаан болгон ялгаруулах гэнэ.Шатахуунаар ажилладаг машины оронд унадаг цахилгаан дугуйнуудыг хотын тээвэрт ашиглах аж. Салхин паркийг хотын гадна байгуулж, нарнаас авсан 60 мегаваттын эрчим хүчээр хотын барилгуудыг хангахаар төлөвлөжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.