Шадар сайд Я.Содбаатар Сүхбаатар аймагт гурван автомашин хүлээлгэн өглөө
2020.09.28

Шадар сайд Я.Содбаатар Сүхбаатар аймагт гурван автомашин хүлээлгэн өглөө

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар 09 дүгээр сарын 27-ны өдөр тус аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтсийн үйл ажиллагаатай биечлэн танилцав. Энэ үеэр байгууллага бүрт тодорхой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Тодруулбал, ОБГ-ын алба хаагчидтай уулзалт хийж, ажлын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг сонсоод ОБГ-т Европ стандартын тусгай тоноглол бүхий автомашин, Түмэнцогт сумын гал унтраах бүлэгт пургон маркийн автомашиныг олгохоор боллоо. Уулзалтын үеэр эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан зарим хүмүүсийг шагнаж урамшуулсан юм.

Сүхбаатар аймгийн МХГ хуучны барилгад үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс байрны асуудал хүнд гэдгийг Шадар сайдад уламжилсан. Харин Шадар сайд Я.Содбаатар энэ асуудалд анхаарал хандуулахаа мэдэгдлээ. 

Мөн хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг төрийн тусгай алба хаагчдын статуст оруулах эрх зүйн орчин зайлшгүй тулгарч буйг онцлоод цаашид албаны ёс зүй, хариуцлага, нэр хүндийн асуудал дээр бүх албан хаагчид онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг анхаарууллаа.

Шадар сайд Я.Содбаатар хамгийн сүүлд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажилтай танилцаж, хэлтсийн авто машины асуудлыг энэ онд багтааж шийдвэрлэж өгөхөөр боллоо.

СХЗХ нь аймгийн БОГ-тай нэг байранд хамт үйл ажиллагаагаа явуулдаг. Харьцангуй шинэ байр боловч дотоод тохижилт, ажиллах нөхцөл төдийлөн сайн биш. Тиймээс цаашид албаны байр, ажиллах орчин, нөхцөл боломжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг аймгийн удирдлагуудад чиглэл болгосон юм.