Г.Төгөлдөр: СХД ирэх дөрвөн жил боловсролын жишиг дүүрэг болно
2020.10.07

Г.Төгөлдөр: СХД ирэх дөрвөн жил боловсролын жишиг дүүрэг болно

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31, 43, 7 дугаар хороонд МАН-аас нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нар өнөөдөр Өнөр бүсийн багш, сурган хүмүүжүүлэгчидтэй уулзалт хийлээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд СХД-ийн хэмжээнд 9 сургууль, 20 цэцэрлэг шинээр ашиглалтанд орж, 9 сургууль, 13 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг бариад байна. Энэ бол бусад дүүргүүдээс боловсролын салбарт хийгдсэн хамгийн олон бүтээн байгуулалт бөгөөд улсдаа жишиг болох олон улсын Кембриджийн хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм.

Өнөөдрийн уулзалтанд УИХ-ын гишүүн Н.Учрал, нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан, ДИТХ-ын 13, 16, 17 тойрогт нэр дэвшигч Б.Золбоо, Д.Баярсайхан, Э.Ниндэв болон СХД-ийн төвийн Өнөр бүсийн цэцэрлэг, сургуулийн багш ажилтнууд оролцлоо. Монгол Улсын ирээдүй хойч, залгамж үеийг сурган хүмүүжүүлж, Монгол иргэн болгон төлөвшүүлэх, эрдмийн их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд ирэх жилүүдэд хийгдэх салбарын бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг нэр дэвшигчид танилцууллаа.

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Төгөлдөр:
“Багш хүн шавийнхаа ирээдүйн замыг засч, олон боломжуудын үүдийг нээдэг хүн билээ. Миний хувьд олон багш нар минь намайг өндөр боловсрол эзэмшиж, ихийг хийж бүтээх өрнүүн сэтгэлээр жигүүрэлсэн, зөв монгол иргэн болгон төлөвшүүлсэн бүх багш нартаа талархаж явдаг. Сонгинохайрхан дүүргийн маань хүүхэд багачууд ч ирээдүйн эх орны удирдагч, манлайлагч, хөдөлмөрлөгчид учраас өнөөдөр та бид зөв сайхан, ирээдүй, тэгш хүртээмжтэй сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой юм. Тиймээс би ирэх 4 жил СХД боловсролын жишиг дүүрэг болно гэдэгт итгэлтэй байна.”
НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч М.Говьсайхан:
“Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газраас 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлж рүү шилжүүлэх ажил амжилттай хэрэгжиж, СХД-т 3 ээлжээр хичээллэдэг сургуульгүй болсон. Ингэснээр сургуулийн хүртээмж нэмэгдэж, нэг багшид ногдох хүүхдийн тоо цөөрч, багшийн ачаалал багассан. Тэгвэл бид ирэх 4 жилд СХД-ээс УИХ-д сонгогдсон 5 гишүүнтэйгээ хамтран кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөртэй 2 оос доошгүй ЕБС байгуулж, хүүхэд бүрт хүртээмжтэй чанартай боловсрол олгохоор тусгагдсан мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж чадах юм.”

Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Багшийн хөгжлийн тухай хууль” батлагдсан. Монгол Улс ийм хуультай дэлхийн 4 дэх орон болсон бөгөөд ЮНЕСКО-оос хүртэл сайшаал хүртсэн. Уг хуулиар бүх сургуульд багшийн хөгжлийн төвийг байгуулах, шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусган, уг төвөөр дамжуулан багш бүр хөгжих боломжийг олгох юм. Анхны жишиг Багшийн хөгжлийн төвийг СХД-ийн 143 дугаар сургуульд байгуулсан. Мөн уг сургуульд кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөр ч хэрэгжиж байгаа юм. Мөн уг хуулиар багш нар удаан жилийн нэмэгдэл авч, цалин хөлсийг ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр олгож, ахиж, дэвших боломжийг нээсэн билээ. Энэ мэт багш сурган хүмүүжүүлэгчид өөрсдөө хөгжиж, нийгмийн хамгааллаын асуудлаа баталгаажуулж хуультай болсон бол чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол олгох нөхцөл ч жилээс жилд бүрдсээр байгаад багш нар талархалтай хандаж байлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ, “СХД-ийнхэн маань надад өндөр итгэл хүлээлгэн УИХ-ын гишүүнээр дахин сонгосон. Ирэх жилүүдэд хийгдэх ажлын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлэхэд надад хань болох хүмүүс бол өнөөдөр НИТХ болон ДИТХ-д МАН-аас нэр дэвшиж байгаа эдгээр залуучууд юм. Шинэ сургуулийн барилгын хөрөнгө оруулалт төсөвт тусгагдсан ч барих газрын асуудлыг нийслэл, дүүргийн удирдлагууд шийдэх учраас ажлыг анхан шатанд нь гацаахгүйн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж, СХД-ийн хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийг багш сурган хүмүүжүүлэгчдээсээ хүсэж байна.” гэлээ.