Илүү сайхан эх орны төлөө залуус Хүчээ нэгтгэхээ илэрхийллээ
2020.10.10

Илүү сайхан эх орны төлөө залуус Хүчээ нэгтгэхээ илэрхийллээ

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нар Сонгинохайрхан дүүргийнхээ Өнөр бүсийн оюутан, залуучуудтай уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Учрал, Мөрөөдлийн театрын захирал Г.Алтаншагай, Маск продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ нар оролцсон юм. Тэд залуучуудын шинэ давалгаа, шинэ эрин үе Монгол Улсад эхэлсэн бөгөөд аль ч салбарт залуучууд хүч түрэн орж ирж байгааг онцлоод залуус нийгмийнхээ дагалдагчид бус манлайлагчид байх ёстой учраас шинийг мэдэж, шинийг нээж, шинийг эхлүүлэгчид байх ёстой гэдгийг хэллээ.

Уулзалтад ирсэн залуучууд илүү сайхан нийгэм, илүү өнгөлөг ирээдүй, илүү таатай амьдрах орчинг хүсэж байгаагаа хэлж байлаа. Залуучуудын хөгжлийн тухай хуулийг 2018 онд санаачлан батлуулсан Н.Учрал гишүүн залуучуудын хөгжил, тэдний оролцоог хангах тал дээр анхаарч ажиллаж байгаагаа хэллээ. Дижитал, цахим эрин үед залуус цаг үеэсээ хоцрохгүй, хамтдаа хөгжих нь чухал гэдгийг онцлоод E-Mongolia төрийн 108 үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнийг танилцууллаа.

Харин нэр дэвшигч Г.Төгөлдөр болон М.Говьсайхан нар залуучуудын хөгжил тэр дундаа залуу гэр бүл, орон сууцны хөтөлбөр, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, орчинг бүрдүүлэх, залууст чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх зэрэгт гол анхаарлаа хандуулна гэдгээ хэлсэн юм. Нийслэлийн МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт олон мянган залуусын санал тусгагдсан учраас ирэх жилүүдэд залууст ээлтэй он жилүүд болох юм.

- Г.Алтаншагай Мөрөөдлийн театрын захирал: “Залуучууд сайн сайхныг зүгээр мөрөөдөж суух биш түүнийхээ төлөө ажилладаг, зүтгэдэг, нийгэмдээ оролцоотой байх ёстой. Учир нь өнөөгийн залуучууд бол Монгол Улсын ирээдүй, хөгжлийн түлхүүрийг атгаж байгаа хүмүүс. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын бүх л салбарт залуучуудын хүчтэй давалгаа орж ирж байна. Салбар бүрт залуус манлайлж, шинийг эхлүүлж, бүтээж байна. Тиймээс залуучууд та бүхэн мэдэхгүй чадахгүй гэж хойш суухгүй өөрсдөө оролцоотой байгаарай.”

- Г.Төгөлдөр НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч: “Амжилт гэж юу вэ? Миний хувьд амжилт бол зориглон эхлэх алхам юм. Хүн амжилт гаргана гээд мөрөөдөөд суугаад байвал амжилт чамайг хайж ирэхгүй харин чи аливааг хийж эхлүүлснээр амжилт руу ойртон очих болно. Алхамын цаана алхам байдаг. Мөрөөдлийнхөө төлөө шууд зүтгэдэг залуус л биелүүлж чадна. Хүн аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэл, бүрэн гүйцэтгэлтэй хийх ёстой. Тэгэж байж амжилтад хүрнэ. Амжилт боломжгүй зүйл биш хүн бүрийн өмнө боломжтой зүйл юм. Миний баримталдаг зарчим бол Хүн ганц л амьдарна. Амьдралаа эргээд харахад чамайг хэрхэн амьдарч байснаар үр хүүхэд чинь бахархаж, хийж бүтээснийг нь харж байх нь чухал  юм. Тиймээс тэднийхээ бахархал байхын төлөө хичээн зүтгэх ёстой юм.”

- М.Говьсайхан НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч: “Би спортод дуртай. Залуу хүний гоёл нь эрүүл бие бялдар юм. Тиймээс энд ирсэн залуучууддаа спортоор хичээллэж, эрүүл мэнд, гоо зүйдээ сайн анхаарч яваарай гэж захимаар байна. Хүн өнөөдөр чадахгүй байж болно. Харин маргааш чадна шүү дээ. Тиймээс боломж нисч ирэхгүй. Хүн өөрөө олж авдаг. Би гадаадад сурч байхдаа хичээлээ маш их хичээж хийдэг байлаа. Тэнд олон сайхан зүйлийг хийх үзэх зүйл байсан ч би сурах зорилготой л ирсэн учраас түүнийгээ хамгийн сайнаараа хийх ёстой гэж шийдсэн юм. Хүний нутагт байр хоолныхоо мөнгийг олохын тулд зөөгч, бармен хүртэл хийсэн. Залуу хүн бусадтай сайн нөхөрлөж сурах хэрэгтэй. Хүний муу муухайг түрүүлж биш сайн сайхныг нь түрүүлж хардаг байгаарай. Аливаа зүйлийг бүтнэ гэж бодож хийж байх ёстой. Сэтгэлдээ сайн сайхныг бодож тэмүүлэх тусам боломж нээгдсээр байдаг. Өнгөрсөн хойно нь харамсахгүйн тулд өнөөдөр чамд оногдсон энэ цаг хугацааныхаа эзэн нь байгаарай.”

Маск продакшны жүжигчин Жижгээ /Г.Лхагвацэрэн/: СУИС-ийг төгсөөд БНСУ-д 3 сарын виз авч хар ажил хийж үзсэн. Тухайн үед бүхэл бүтэн их сургууль төгссөөд, дээд боловсролтой болсон хүн хүний нутагт ингээд хар ажил хийж яваадаа их бухимдаж, өөртэйгээ их ярьдаг байлаа. Тэгээд эх орондоо ирсэн даруйдаа найзтайгаа хамтран +17 цувралаа хийсэн. Амжилттай ч болсон. Тиймээс хүн мөрөөдөлтэй, түүндээ үнэнч байж, тууштай тэмцэх ёстой. Чи өнөөдөр үр дүнг харахгүй, хий хоосон ажиллаад байгаа мэт санагдаж болно. Гэхдээ үнэхээр хүссэн зүйл чинь мөн л бол тууштай хичээсээр байх юм бол амжилтанд хүрдэг юм шүү.

Нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нарын СХД-ийн Өнөр бүсийн залуучуудтай хийсэн энэхүү уулзалтад 200 гаруй оюутан, залуус ирсэн бөгөөд сэтгэл өөдрөг байж, илүү сайхан эх орны төлөө Хүчээ нэгтгэх болно гэдгээ илэрхийлж байлаа.