2020.10.29
Д.Сарангэрэл: Хуулиар яг ямар тэтгэврийн шинэчлэл хийгдэж байгааг тодорхой болго
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.29/ хуралдаанаар Н.Учрал нарын 5 гишүүн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт, асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
"Ард иргэдтэй уулзалт хийгээд явж байхад ахмадуудын хэлж байгаа гол зүйл бол тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөгт хүргээд өгөөч ээ гэдэг. Тэтгэврийн шинэчлэл гэж яриад байгаа яг юу шинэчилж, юу өөрчлөгдөхийг олон нийт мэдэхгүй. Энэ мэдээллээ өгөөгүй байгж УИХ-ын гишүүд нэг тал нь шинэчлэгч нөгөө нь шинэчлэгч биш гээд хуваачихаад байна. Тэтгэврийн шинэчлэл хэрэгтэйг бүх түвшинд ойлгож байгаа. Гэхдээ үнийг зүйгээр зохиогоод хийдэг зүйл биш. Ижил төстэй орнуудын туршлага, хөрсөн дээр буусан төсөл, туршлагыг судлах шаардлагатай. Санаачлагчид үүнийг хэр судалсан бэ? Аль орны стандарттай илүү ойр явж байгаа юм бэ?
Хуримтлалын тогтолцоо бол өндөр хөгжилтэй, өндөр цалинтай Япон, АНУ-д хэрэгжиж болдог. Энэ орнуудын тогтолцоог социалист системийн орнууд хуулбарлан хэрэглэж өөрийн тэтгэврийн системээ эвдээд эргээд хуучин тогтолцоо руугаа шилжсэн байдаг. Тиймээс шинэ хуулиар яг юу шинэчлэгдэж байна вэ? гэдгийг хэлж өгнө үү?
Үүнийг Засгийн газрын яам агентлагууд хэрэгжүүлнэ. Энэ байгууллагууд, гишүүдийн өргөн барьсан хуулийн концефци хэр уялдаж байгаа юм бэ? дэмжиж байгаа юу? дэмжихгүй байгаа бол юунаас болоод дэмжихгүй байна вэ?"
Түүний асуултанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон хуулийн төслийн санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Н.Учрал нар хариуллаа.