Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн худалгааг “Аялал жуулчлал ба Орон нутгийн хөгжил” уриан дор зохион байгуулж байна.
Хорин нэг дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн нь Монголын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн төдийгүй тус салбарын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой юм.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Өнөөдөр 18 аймгаас ирсэн аялал жуулчлалын салбарын төлөөллүүд өөрсдийн бий болгосон шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгэж байна. Энэ жилийн хувьд оролцогчид бараа бүтээгдэхүүнээ нийтэд танилцуулж борлуулахаас гадна салбарынхаа ололт амжилт, алдаа онооны талаар хамтдаа хэлэлцэх, ирэх жилийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөвлөгөөг гаргах, бизнесийн шинэ түнштэй болох гэх мэт олон давуу талтай үзэсгэлэн болж байна. Түүнээс гадна энэхүү арга хэмжээг цахимаар олон улсын түвшинд сурталчлана гэдгээрээ онцлогтой юм.”
Энэ удаагийн үзэсгэлэнд манай орны үзэсгэлэн төгөлдөр байгаль, соёлын өлгий болсон 18 аймаг, үндэсний аялал жуулчлалын тур оператор, зочид буудал, жуулчны бааз, агаарын тээврийн компани зэрэг дотоодын 200 гаруй байгууллагууд, аялал жуулчлалын төр ба хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна. Тухайлбал, Архангай аймаг Тэрхийн цагаан нуур-Хоргын тогоо-Тайхар чулуу-Тамирын гол гэсэн маршрутаар аялал жуулчлалын чиглэл нээжээ. Баянхонгор аймаг Шаргалжуутын рашаан сувилалаа хөгжүүлснээс гадна байгалийн үзэсгэлэнг тольдох Их Богдын уулын аяллыг санаачилсан байна.
Мөн уран дархчуудаараа алдартай Сүхбаатар аймаг дарьганга хийцээ гайхуулж байгаа бол Өвөрхангай аймаг амтат цагаан идээний аяллыг ч бий болгожээ. Мөн Монголын иргэний агаарын тээврийн Миат компани шинэхэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнээрээ тус үзэсгэлэнд оролцож байна. Тодруулбал тэд иргэдэд “Боинг 737” онгоцоор 4 цаг 30 минут нисэн агаараас эх орныхоо өнцөг булан бүрт хүрч үзэсгэлэнт байгалийг үзэж бишрэх боломжийг нээжээ.
Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн өнөөдрийг /10 сарын 31/ дуустал Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах юм.