Монгол дахь ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын нийгэм - улс төрийн судалгааг танилцууллаа
2020.11.02

Монгол дахь ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын нийгэм - улс төрийн судалгааг танилцууллаа

Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригт (2020.10.29) “Монгол дахь ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын нийгэм - улс төрийн судалгаа” сэдвийн хүрээнд хийгдсэн бодлогын судалгааны тайланг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэхүү бодлогын судалгааг ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим хамтран хийжээ. 

Манай улсад төрийн болон орон нутгийн түвшид дэх бодлогын уялдаа холбоог сайжруулах, шийдвэр гаргагчид болон эрдэмтэн судлаачдын харилцан хэлэлцүүлэг өрнүүлэх, хамтын ажиллагааг дэмжих зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болоод удаж байгаа.Энэхүү хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан 2017 онд Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим хамтран “Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл” -ийг байгуулжээ. Тус зөвлөл нь жил бүр, тогтсон нэг сэдвийг экспертүүдээр хэлэлцүүлэн иж бүрэн судалгаа, бодлогын зөвлөмжийг гарган, эмхтгэн хэвлэж, олон нийтэд танилцуулж байгаа юм.  

Тодруулбал, 2017 онд “Үр нөлөө бүхий нутгийн удирдлагын тогтолцоо”,  2018 онд “Монгол улсын төрийн байгуулалт дахь засаглалын институцүүд” гэсэн сэдвүүдээр судалгаа хийсэн бол 2019 онд “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” судалгааг хийж, олон нийтэд хүргэжээ.


Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч  Иоханн Фурманнхэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Засаглал, улс төр, удирдахуй ухааны мэргэжлийн судлаач, шинжээчдийн зөвлөлийг үүсгэн байгуулсны гол учиг нь Монгол эрдэмтэд, судлаачдын оюуны дээж, хамтын яриа хэлэлцээрээр дамжуулан Монгол улсад жишиг болохуйц засаглалын замыг дотоодын судлаач, эрдэмтэд өөрсдийн ухааныг уралдуулан, шүүн тунгаасан мэргэн шийдвэрээр сонгоход оршиж байгаа юм” хэмээн онцолсон юм. 

Төслийн удирдагч, доктор, профессор, МУИС-ын ШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч Ж.Төртогтох “Энэ удаагийн судалгаа нь нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан судлаач бүрийн санал болгосон судалгааны тодорхой сэдэв ба экспертүүдийн саналын томъёолол зэрэгт тулгуурлан тодорхойлогдсон дэд сэдвүүдийн агуулгаас бүрдэж байгаа. Ковид - 19 цар тахлын хөл хорио, хязгаарлалтаас шалтгаалан судлаачдын явцын болон эцсийн хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллагүйгээр өрнөн, үр дүнгээ гаргасан” гэдгийг хэлсэн юм. 


Сэвүүдийг танилцуулбал,Энэ оны хувьд “Монгол дахь ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын нийгэм - улс төрийн судалгаа” гэсэн ерөнхий агуулгын доор 7 сэдвээр, 7 судлаачийн ажилд судалгааны 4 зөвлөх зөвлөн удирдан хийжээ. 

  • “Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлс” сэдвээр судлаач, Л.Бямбаханд судалгаа хийж, зөвлөхөөр Удирдлагын академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүх ажилласан байна. 

  • "Олон нийтийн хэвлэл мэдээллийг улс төрөөс хараат бус байлгах нь (хэвлэл мэдээллийн өөрийн зохицууулалтын жишээ дээр)" сэдвээр  судлаач, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа судалгаа хийж, зөвлөхөөр МУИС-ШУС-ийн  Улс төр судлалын тэнхимийн зөвлөх профессор Ц.Ганболд ажилласан байна. 

  • "Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдвээр судлаач, "Түгээмэл хөгжил ТББ"-ын тэргүүн Ч.Ундрахбаяр судалгааг хийж, зөвлөхөөр МУИС-ын ОУХНУ-ын сургуулийн доктор, профессор Б.Бурмаа ажилласан байна. 

  • "Засаглалын цахим шилжилт: Төрийн үйл хэрэг дэх иргэдийн цахим оролцоо" сэдвээр судлаач, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Л.Галбаатар судалгааг хийж, зөвлөхөөр МУИС-ШУС-ийн  Улс төр судлалын тэнхимийн зөвлөх профессор Ц.Ганболд ажилласан байна. 

  • "Монгол улсын төсвийн хяналт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам "сэдэвт судалгааг судлаач, МУИС-ын Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Н.Бурмаа судалгааг хийж, зөвлөхөөр Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал ажилласан байна.

  • "Монгол дахь иргэний нийгмийн  байгууллагын хөгжил, хандлагын зарим асуудлыг хүний эрх, байгаль орчны төрийн бус байгууллагуудын жишээ дээр авч үзэх нь" сэдвээр судлаач, Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ-ын тэргүүн, Б.Баярмаа судалгааг хийж, зөвлөхөөр Удирдлагын академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүх ажилласан байна. 

  • "Монгол дахь ардчиллын бэхжилт, сорилгын зарим асуудлыг олон улсын харьцуулсан судалгааны үүднээс авч үзэх нь" Монгол дахь АНУ-ын Азийн сангийн хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Л.Оргил судалгаа хийж, зөвлөхөөр Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал ажилласан байна. 


Тус форумд Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Иоханн Фурмани, сангийн хөтөлбөрийн менежер С.Ганзаяа, Төслийн удирдагч, доктор, профессор, МУИС-ын ШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч Ж.Төртогтох, БШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын дарга С.Мөнхбат,  Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал, Доктор А.Цанжид, зэрэг МУИС, ШУА, ШУТИС, ХААИС, Удирдлагын академи болон Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл зэрэг байгууллагуудын судлаач, эрдэмтэд оролцсон юм. 

Тэд өнгөрсөн жилүүдийн бодлогын судалгааны тайлантай танилцаж, хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна 2021 онд хийх судалгааны сэдвийг хэлэлцсэн юм. “Төрийн байгуулалтын экспертийн зөвлөлөөс “Төрийн удирдлагын тогтолцоо, орон нутгийн удирдлагын тогтолцооны тулгамдсан асуудал”, “Улс төрийн институт, ардчиллын тулгамдсан асуудал” гэсэн  хоёр сэдвүүдийг хэлэлцүүлсэн юм. 

О.Батзаяа