Д.Сүнжид: Хүний эрхийн “жинхэнэ” хамгаалагчдыг “хуурамч”-аас нь ялгана

Д.Сүнжид: Хүний эрхийн “жинхэнэ” хамгаалагчдыг “хуурамч”-аас нь ялгана

УИХ-ын чуулганаар Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар санаачилсан бөгөөд боловсруулахдаа Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас (ISHR) гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хуульд тулгуурлан,  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан судалгаа болон дэлхийн 40 гаруй улс орнуудын хууль тогтоомжид хийсэн судалгаа, НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмж зэрэг холбогдох материалыг ашиглажээ.


Хуулийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидтэй ярилцлаа.

- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэ хуулийн төслийг батлах зайлшгүй ямар шалтгаан, нийгмийн хэрэгцээ байна вэ?

Нэг хүний эрх зөрчигдөж байгаа нь цаанаа бусад хүмүүсийн эрх ямар нэг байдлаар зөрчигдөх эрсдэл байгааг харуулдаг. Тиймээс энэ нь хүний эрхийн зөрчлийн эсрэг яаралтай хариу арга хэмжээ авах шаардлага үүсдэг гэсэн үг. 

Бусдын эрхийн төлөө сэтгэл зүрх, зориг, мэдлэг чадвараа зориулж байгаа нас, насны хүмүүс, байгууллагад төрийн зүгээс эрх зүйн хамгаалалт нэн шаардлагатай байдаг. 

2015 онд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос иргэний нийгмийн байгууллагын ажилтан, идэвхтэн, сэтгүүлч, өмгөөлөгч шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын албан хаагч зэрэг 3662 хүнийг хамруулан хийсэн судалгаа байдаг. Тус судалгааны тайланд, хүний эрхийг хамгаалж ажилласных нь төлөө

  • амь нас, бие махбодод нь халдах, заналхийлэх
  • нэр төр, алдар хүндэд нь халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх
  • цахим хэлбэрээр халдлагад өртөх
  • мэдээлэл авах боломжийг нь хязгаарлах, мэдээлэл өгөхөөс татгалзах
  • үйл ажиллагааг нь үгүйсгэх, үл ойшоох, төвөгшөөх
  • төрийн байгууллагын зүгээс хүнд суртал гаргах, ялгаварлах, шударга бус хандах
  • үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах зэрэг хүндрэл бэрхшээл жил тутам нэмэгдэж, амь насаа алдах, олон төрлийн дарамт шахалтад орох нь түгээмэл байгааг дурдсан.

Тиймээс хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө ялангуяа өөрийн субъектив эрх биш, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө өөрсдийнх нь эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байдаг. Энэ бол уг хуулийн төслийн үндэслэл, хэрэгцээ юм.

- Хуулийн төслөөр хэнийг хүний эрхийг хамгаалагч гэж үзэх вэ? Олон улсын жишиг нь ямар байдаг вэ?

“Хүний эрхийг хамгаалагч” гэдэгт бие дааж болон бусадтай хамтран хүний эрхийг хамгаалах, дэмжих зорилго бүхий үйл ажиллагаа эрхэлж, ажиллаж буй этгээдийг ойлгоно. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1998 онд олон улсын хэмжээнд батлан гаргасан Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглалд зааснаар Хүний эрх, хүний болон хүмүүсийн үндсэн эрх чөлөөг зөрчсөн зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа эрхэлж, ажиллаж буй хувь хүн, байгууллага, албан тушаалтан хэн ч байж болох бөгөөд тэд гагцхүү эрхэлж, явуулж буй үйл ажиллагаагаараа “хүний эрх хамгаалагч” хэмээн тодорхойлсон.

Тэгэхээр шууд ажил, албан тушаалаар ялгаж оноох биш тухайн хийсэн үйлдлээр нь хүний эрхийн хамгаалагч мөн эсэхийг шалгуур болгож заадаг.  Хуулийн төсөлд ч энэ утгаар томьёолсон байгаа.

- Бусад хуульд шингээх байдлаар хуулийг өөрчлөлт хийхгүй, ингэж бие даасан тусгайлсан хууль гаргахын ач холбогдол юу вэ?

Манай улсад хүний эрх хамгаалагч гэдэг ойлголт, томъёолол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй ямар ч хуульд байхгүйтэй холбоотой юм.

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд зохицуулалт болгож оруулах эсэх, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд оруулах эсэх гээд хувилбарууд ажлын хэсэг дээр яригдаж байсан. Энэ ойлголт нь өөрөө аль ч хуульд байхгүй учир тусдаа бие даасан хууль байх боломжтой гэж үзсэн.

Мэдээж бусад хуультай уялдуулах, зөрчилгүй, давхардалгүй, хийдэлгүй болгож, хуулийн төслийг батлах ёстой. 

- Хуулиар ХЭҮК-ын дэргэд Хүний эрхийг хамгаалагчийн хороо байгуулахаар тусгасан. Хорооны бүтэц, орон тоо ямар байх вэ?

Үндэсний хэмжээнд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахын тулд Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулахаар хуульд заасан.

Гишүүд нь мэргэжлийн байгууллага буюу Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны 2 төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын шалгуур хангасан 4 төлөөлөл байна. Хороог ХЭҮК-ын гишүүн ахлахаар тусгасан. 

Шалгуурийн хувьд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд ажилласан жил, ёс зүй, туршлагын  гээд өндөр шалгуур тавихаар хуулийн төсөлд тодорхой заасан байгаа.

- Хүний эрхийг хамгаалагчийн хорооны гол чиг үүрэг юу байх вэ? хэрхэн үйл ажиллагаа явуулах вэ?

Хорооны гол чиг үүрэг нь хүний эрх хамгаалагчийг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.

Энэ тухай мэдээлэл, гомдлын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх, бичгээр хариу авах, эрсдэлийн үнэлгээ хийж эрсдэлийн зэргийг тодорхойлж, түүнд нь тохирсон байдлаар хүний эрх хамгаалагчийг хамгаалах шаардлагыг үнэлж дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

- Хүний эрхийг хамгаалагч мөн эсвэл биш гэдгийг Хүний эрхийн хамгаалагчийн хороо тогтооно гэж ойлгож болох уу?

Ер нь бол тийм. Эрсдэлийн үнэлгээ хийгээд үр дүнгээс нь хамаарч хамгаалуулах арга хэмжээ авах, бусад байгууллагатай хамтрах, ил тод олон нийтэд бас мэдээлэх учиртай юм.

- Хуулийн төсөл батлагдсанаар “жинхэнэ” хүний эрхийг хамгаалагчдыг “хуурамчаас” ялгана гэж ойлгож болох нь ээ?

Тийм ээ. Хүний эрх хамгаалагчийн хамгийн гол шалгуур нь хууль ёсны үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа. Тиймээс хууль зөрчсөн аливаа үйлдлийг хүний эрх хамгаалагч гэдэг нэр дор хаацайлах боломжгүй.  

“Хуурамч” гэдэг нь хууль бус үйлдэл хийх, ямар нэг сайн үйлийн нэр дор давуу байдлыг өөртөө, эсхүл хамаарал бүхий этгээддээ олж авах, тодорхой бүлэг, ашиг сонирхлын өмнөөс тэмцэх зэргийг л голдуу ойлгодог. Энэ ойлголтыг ялгахад зөвхөн энэ хууль төдийгүй бас Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай. Энэ хуульд хамгийн их хамаатай, чухал харилцааг зохицуулж байгаа нэг хууль шүү дээ.

- Бусад 40 гаруй улсад энэ хуулийн төсөл хэрэгждэг тухай төслийн хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан. Эдгээр улсуудад энэ хуулийг хэрэгжүүлснээр ямар ахиц дэвшил гарсан бэ? 

2016 онд нийтдээ 45 улсын хүний эрх хамгаалагчийн тухай хуулиудыг судалж байгаад “Хүний эрхийн хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх, хамгаалах загвар хууль”-ийг гаргасан байдаг. Энэ загвар хууль хүний эрхийн хамгаалагчдын ажлыг дэмжих, заналхийлэл, халдлагаас хамгаалах хууль, бодлого, институцийг бий болгох талаар техникийн зөвлөгөө өгөх замаар улс орнуудыг удирдамжаар хангадаг. Загвар хуулийг бүс нутаг бүрийг төлөөлсөн 500 гаруй хуульч боловсруулсан бөгөөд хүний эрхийн шилдэг өмгөөлөгчид, түүний дотор хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч нар санал нэгдэн баталсан байдаг.

Өндөр хөгжсөн орнуудад хүчин төгөлдөр хуулиар зохицуулаад явдаг. Асуудал багатай юм байна. Төрийн эрх мэдэл, иргэний эрх мэдлийг тэнцвэржүүлэх үүднээс газар нутаг, үр хүүхэд эсвэл охид эмэгтэйчүүд хэн нэгний эрхийг хамгаалахын төлөө явж буй хүмүүс, үүнийхээ төлөө аюулд өртөхгүй байх эрх зүйн орчны баталгааг бүрдүүлэх асуудал байна.

- Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг Ц.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг хуралдсан уу? Ямар асуудал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна вэ?

Ажлын хэсэг анхны хуралдаанаа 12 сарын 30-нд хийсэн. Гол бэлтгэж байгаа асуудал хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг нягтлах, ялангуяа Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуультай чиг үүргийн давхцал байгаа эсэхийг нягтлах, Шүгэл үлээгчийн ойлголтоос ялгаа заагийг тодруулах болон давхцал байгаа эсэхийг тодорхойлох, иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийг тодорхойлох, практикт түгээмэл гардаг зөрчлийг тодорхойлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэ хууль үүрэг гүйцэтгэж чадах эсэх, Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хуультай харьцуулах, бусад улсын сайн жишиг, туршлагыг нэгдсэн байдлаар  харьцуулж харахаар тогтсон.

Мөн хүний эрх хамгаалагчийн хороо хүний эрхийн тулгамдсан асуудлаар судалгаа хийх чиг үүрэг хүлээж болох эсэхийг тодорхойлохоор болсон.

- Манайд яг хүний эрхийг хамгаалж яваад эрүүл мэнд, алдар нэр, амь насаараа хохирсон ямар жишээ байна вэ?

Хот дахин төлөвлөлтийн хүрээнд өөрсдийн болоод бусдынхаа эрхийг хамгаалснаас үүдээд албадлага, гүтгэлэг, доромжлолд өртсөн тухай Эмнести интернэйшнл байгууллага судалгаандаа баримттай дурдсан байна.

Хүүхдийг ивээх сангийн дэргэдэх залуучуудын бүлгэмээс хүүхдийн эрхийн зөрчлөөр 108 утсанд дуудлага өгөхөөр цагдаагийн байгууллага шууд асран хамгаалагч, харгалзан дэмжигч биш гэдгээр нэг бол тоохгүй, үгүй бол байн байн ирж мэдээлэл өг гэж шаарддаг нь  мохмоор байдаг тухай хэлэлцүүлэг дээр хэлж байсан.

Тэр ч бүү хэл амь насаа алдсан байгаль хамгаалагч, сэтгүүлчийн харамсалтай тохиолдлууд ч бий шүү.

 - Баримжаа авах үүднээс асууя. Манай улсад өнөөдөр хүний эрхийг хамгаалагч гэж хэлэгдэж байгаа хүн байна уу?

Европын холбооноос олон улсын хүний эрхийн өдөрт зориулан олгодог Хүний эрх хамгаалагчийн шагналыг “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал,  Хүний эрхийн төлөө тэмцэгч Б.Болороо нар хүртэж байсан.

Мөн Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монфемнэт сүлжээний зохицуулагч Д.Энхжаргал, Өмгөөлөгч Н.Арвинтариа, Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө  “Ид шидийн орон”- ыг байгуулсан Ч.Ганжавхлан, Боловсролын тэгш хүртээмжтэй болгохын төлөө тууштай үйл ажиллагаа явуулдаг, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг гээд үргэлжлүүлэн нэрлэж болно.

Хүний эрхийн хамгаалагч заавал олонд танигдсан байх албагүй, чимээгүй өмнөхөө хийх байдлаар бүлгийн, салбарын эрх хамгаалах тогтолцоо, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж явдаг хүмүүс салбар салбарт цөөнгүй бий.  

Ярилцлага өгсөнд баярлалаа 

Ярилцсан. О.Батзаяа

Зочин

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид