УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар: "Энэ хуулийн эрх зүйн байдал нь Шүгэл үлээгчийн хуулиас юугаараа ялгаатай вэ? Мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан хүний эрх хамгаалагчийн нэр томъёог тодорхойлсон нь хэт ерөнхий агуулгатай байна. Зарим тохиолдолд нам, улс төрийн зорилгоор өөрийгөө хүний эрх хамгаалагч гэдэг статусаар хүний эрх хамгаалагчийн байр сууриар улс төрийн тоглолт хийх нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол банйа. Хүний эрх гэдэг бол маш өргөн ойлголт. Эрүүдэн шүүх гэдгээр зөвхөн хязгаарлаж ойлгож болохгүй. Би саяхан 1960 оны Үндсэн хуулийн хүний эрхтэй холбоотой бүлгийг уншсан. Энд хүний эрх, түүний хэрэгжих тухай баталгааг маш тодорхой заасан. Жишээлбэл хүн сурч боловсрох эрхтэй. Гэхдээ энэ эрхийг төр дараах байдлаар хангана гэж тодорхой бичсэн байна. Хүний эрх заавал бусдын эрхээр хязгаарлагдана. Тиймээс хүний эрхийг хамгаалагч гэдгээрээ бусдын эрхийг зөрчих орон зай үүсэх вий дээ." Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэж заасан байдаг. Бид энэ зорилтоддоо хүрэхгүй байна. Зориг агсаны хэрэгтэй холбоотой асуудал нэг хэсэг яриад чимээгүй болдог. Шинэ Засгийн газрыг байгуулагдахад энэ асуудлыг хөндөж тавьсан. Энэ талаар ажиллаж байгаа. Ер нь хүний эрхийг хамгаалах талаар онцгойлон анхаарах хэрэгтэй. Ил болж байгаа олон асуудал байна. Хүний эрхийн хороо байгуулна гэж байна. Гэхдээ танил талаараа багаа бүрдүүлж болохгүй. Орон нутагт эрүүл аюулгүй байдалд иргэд амьдрах ёстой гэсэн эрх зөрчигддөг. Гэтэл хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд хүний эрх зөрчиж байгаа. Тэр дундаа төрийн хамгийн дээд албан тушаалтан буюу Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс төрийн, нийтийн өмч хөрөнгийг завшиж зарим нь гадаадад, зарим нь хуулийн хариуцлага хүлээж байна. Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хариуллаа. Эрүүдэн зөрчих асуудал Монгол улсад байгааг харж болно. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ хамгаалах хэрэгтэй. Энэ хууль үүнийг тусгаж өгсөн.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Энэ хууль гарах ёстой. ХЭҮК-ын дэргэд Хүний эрхийн хамгаалагчийн хороо байгуулах юм байна. Гэхдээ тодорхой үр дүнд ийм хороо хүрдэггүй. Харин энэ эрхийг ХЭҮК-д оруулаад явбал зүгээр гэж харж байна. Хорооноос гарсан шийдвэр шат дамжлагатай цаг алддаг. Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хариуллаа. Хороо Хүний эрхийн хамгаалагчдын зөрчигдсөн эрхийг хамгаалах, дүгнэлт гаргах холбогдох газруудад асуудал тавих байгууллага. Хөдөө орон нутагт хүний эрх маш их зөрчигддөг. Энэ болгонд хүний эрхийн хамгаалагч идэвхтэй ажиллах боломжтой.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Адьшаа: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Өнөөдөр хүний эрхийг дээдлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх нь парламентийн амин чухал асуудал. Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийн дагуу манай улс хүлээх хариуцлага гэж бий. Энэ үүргийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг тусгай хуулиар зохицуулах нь чухал юм. ХЭҮК хүний эрхийг хамгаалах талаар шинэчлэл хийх хэрэгтэй. Иргэн Чимгээгийн эрх зөрчсөн талаар анхаарах хэрэгтэй. Шударга ёс, хүний эрхийн талаар шалтаг хэлэхгүй,ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийг олон хуулиар баталгаажуулсан боловч тодорхой үйл явцын үед зөрчигддөг. Үүний нэг нь иргэн Чимгээгийн асуудал. Гэхдээ улсын нууцтай холбоотой учраас нийтийн сонсгол хийхэд асуудалтай байгаа. Цаашдаа энэ асуудалд анхаарна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Хүний эрх бол шийдвэр гаргагчдаас иргэнийг хамгаалах тухай хууль юм. Адууны хулгайч эрүүгийн хариуцлага хүлээдэг. Хортой архи хийж зарсан ААН эрүүгийн хариуцлага хүлээдэг. Харин шийдвэр гаргагч дарга нар гарын үсгээ худалдаж, ард түмнийг хохироовол энэ хүний эрхийн асуудал болдог. Хүний эрхийн конвенцийн эхэнд ч "Хүний эрх зөрчигч бол шийдвэр гаргагч" гэж байдаг. Төрөөс яаж иргэнийг хамгаалах тухай хууль юм. Тиймээс миний асуух асуулт бол, 1. Хүний эрх бол орлого, ажилтай байх, ядуурлаас гаргах явдал. 3 сая хүнийг ажил орлоготой болгох, уул уурхайн баялгийг нь ерөнхий сайд нь гадныхантай нийлж худалдан зараад, идээд уусан байгаа аймшигтай асуудал хүний эрхийн зөрчил мөн үү? Үүнийг хэлж өгөөч? олон сая хүнийг ажилтай болгох баялгийг цөлмөөд дээрэмдсэн. Энэ хүний эрхийн зөрчил мөн үү? 2. Үүнийг нь ойлгож, ярьж, тэмцэж, хичээж байгаа хүний нэр хүндийг гутаан харлуулж, уул уурхайн баялгаасаа идэж уусан мөнгөөрөө хэвлэл мэдээллийг худалдан авч маш их сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа явдлыг энэ хуульд Хүний эрхийн хамгаалагч гэж үзээд хамгаалах ямар заалт байгаа вэ? 3. ҮЭ бол ажил олгогч, бизнес эрхлэгч, төрийн өмчийн компаниудад хүний эрх хамгийн их зөрчигддөг." Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хариуллаа.