2020.11.02
Шинээр 30 орчим Элчин сайдыг томилно
Монгол Улсаас гадаадын долоон оронд суугаа Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа нь дуусчээ.
Мөн 10 гаруй орны Элчин сайдын хугацаа дуусч байгаа бөгөөд үндсэндээ 20 гаруй орны Элчин сайдын асуудлыг УИХ-д оруулж шийдвэрлэнэ гэж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хэллээ.
Түүнчлэн ирэх онд 10 гаруй орны Элчин сайдын хугацаа дуусгавар болох аж. Тиймээс энэ оны төгсгөл, ирэх оны эхэнд нийтдээ 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдах юм байна.
Монгол Улсаа төлөөлж гадаадын оронд суух Элчин сайд нарын томилгоо дор хаяж хагас жил дамжиж шийдэгддэг гэж хэлж болно. Улс төрийн болон бусад олон шалтгаанаас хамаарч Монгол Улс Элчин сайд нараа томилж чадахгүй сунжирч буй.
Элчин сайдын томилгоо үндсэндээ гурван субъектийг дамжиж байж шийдвэрлэгддэг. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын таалалд нийцэж байж, Элчин сайдаар томилогдох "виз" даруулдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын томилгоонд “луу унжих” нь олонтой.
2017 онд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийж Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгон өөрчилсөн. Ингэснээр 2017 оноос хойш томилогдсон Элчин сайд нарын хугацаа 2021 онд дуусгавар болно. Мөн тус хуульд Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг гурван жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг тусгасан билээ.
Засгийн газраас нэр дэвшүүлсэн ч УИХ-аар хэлэлцэгдэлгүй хүлээгдэж буй Элчин сайд нарын жагсаалт:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг/Ерөнхийлөгч дэмжээгүй/
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг/МАН-ын бүлэг дэмжээгүй/,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг /МАН-ын бүлэг дэмжээгүй/