Н.Наранбаатар: “Ногоон гарц” журмыг ирэх жил үргэлжлүүлбэл 42 сая тонн нүүрс экспортлох боломжтой
2020.11.03

Н.Наранбаатар: “Ногоон гарц” журмыг ирэх жил үргэлжлүүлбэл 42 сая тонн нүүрс экспортлох боломжтой

Эх сурвалж: Монголын үнэн сонин  Сэтгүүлч: М.Энхцэцэг

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн шатанд нэлээд санал, шүүмжлэл гарлаа. Таны хувьд төсвийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ирэх жилийн төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар оруулж ирсэн. Энэ хэрийн алдагдалтай батлах бол хэвийн гэж үздэг. Гол нь цар тахалтай холбоотой зардлыг өндөр тавьснаас энэ алдагдал гарч байна гэж ойлгосон. Эрүүл мэнд, хил, боомт, иргэдийн амьжиргааг дэмжихэд нэлээд зардал тавьсан байна. Харин яам, аймгуудын тэвчиж болох зардлыг хассан байсан.
Нөгөө талд зарим зардлыг нэмэгдүүлсэн учир бусад зүйлд дарамт болохгүйгээр гадаадын зээл тусламжаар төсвийн алдагдлыг нөхөх боломжтой. Эдийн засаг сэргэж, экспорт нэмэгдэж, нүүрс, зэсийн үнэ өсөөд ирэхээр төсвийн давсан орлогоос нөхөх боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Манай улсын эдийн засаг үндсэндээ уул уурхай дээр л тогтдог. Цаашдаа эдийн засгаа солонгоруулах шаардлагатай гэдгийг хүн бүр ярьж байгаа.
Ингэхийн тулд нефтийн үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах, Дарханы аж үйлдвэрийн цогцолбор, Баруун бүсийн малын гаралтай түүхий эдийн үйлдвэр, хөнгөн, хүнсний үйлдвэрийг байгуулах, төмөрлөг, ган, цементийн үйлдвэрүүдээ зэрэг хөгжүүлэхгүй бол ганцхан тулгууртай эдийн засагтай явж болохгүй гэж харж байна. Үүнд нэлээд анхаарч УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог шинээр байгуулсан. Монгол Улс энэ бүхнээ өөрсдөө хийхээр зүтгэснийх төмөр замаа барьж байна. Энэ мэт эдийн засгийг солонгоруулах төслүүдээ эхлүүлэх хөрөнгө мөнгийг төсөвт суулгах хэрэгтэй.
-Ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлох зорилтыг төсвийн төсөлд тусгасан байсан. Энэ нь хэтэрхий өндөр төсөөлөл гэж зарим эдийн засагч үзэж байгаа. Та нүүрсний экспортын 90 хувийг гаргадаг аймгийг удирдаж байсан хүний хувьд үүнийг хэр боломжтой гэж үзэж байна вэ?
-2020 онд нүүрсний экспортыг 42 сая тонн гэж тавьсан ч цар тахлаас үүдэлтэйгээр тасарсан. Энэ жил талыг нь гаргаж чадах эсэхийг мэдэхгүй байна. Миний бодлоор он дуусахад 20 сая тонн нүүрс гаргах байх гэж тооцоолсон. Харин ирэх оны хувьд цар тахлын дэгдэлт буурч, өнгөрсөн наймдугаар сараас Засгийн газар БНХАУ-тай хамтран хэрэгжүүлсэн “Ногоон гарц” журмыг ирэх жил бүтэн хэрэгжүүлээд явбал 42 сая тонн нүүрс гаргах боломжтой гэж харж байна.
Өмнө нь хилийн боомт дээр тал өдөр нь гаргаад, хагас өдөр нь буцааж оруулдаг байсан бол “Ногоон гарц” журам хэрэгжүүлснээр хонодог болж, бүтэн циклээр явж байна. Мөн олон удаа шинжилгээ авдаг байсныг долоо хоногт нэг авдаг болгосноор өдөрт хоёр боомтоор нийт 1500 орчим нүүрсний машин гардаг болсон. Тэгэхээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд оны эцэс хүртэл явбал “Ногоон гарц” журмын үр дүнд төсөвт тусгасан хэмжээний нүүрсийг гаргах боломжтой. Түүнчлэн ирэх жилийн өдийд Тавантолгойн төмөр замыг ашиглалтад оруулж, нүүрс тээврийг эхлүүлснээр экспорт нэмэгдэнэ.
Тавантолгойн төмөр зам дангаараа жилд 30 сая тонн нүүрс гаргах боломжтой гэж байгаа. Тиймээс цар тахлын нөхцөл байдал, улс төрийн харилцаа, дээрээс нь Хятад, Австрали улс хоорондын улс төрийн нөхцөл байдал зэрэг гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж 42 сая тонн нүүрс гаргах нөхцөл бүрдэж магадгүй.
-Засгийн газар ирэх оны төслийг дагалдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг боловсруулаад байна. Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд уг хуулийн төслийг дэмжих үү? 
-Аймаг, сумдаар явж, иргэд, малчидтай уулзаж байхад өвсний мөнгө, худаг, ус гаргах асуудлыг УОК, төр, засагт хэлж өгөөч гэж байнга хэлдэг. Харин малын тоо толгойн албан татвартай болсноор сум нь өөрөө 0-2000 төгрөгийн хооронд татвар ногдуулж, түүнийг нь аймаг, улс авахгүйгээр өөрөө зарцуулдаг болох нь маш зөв. Малчдын хэлж байгаа худаг ус, малын эрүүл мэнд, өвс, өвөлжөө бууц ариутгалд энэ хөрөнгийг зориулдаг болох хэрэгтэй.
Малчид хураасан татвараа буцаагаад бидний хэрэгцээнд зарцуулах юм бол дургүйцээд байх зүйлгүй гэдгийг хэлж байгаа. Харин цөөн малтай айлд бага татвар тогтоож, шатлалтай байлгаж өгөөч гэсэн санал тавьж байсан. Түүнээс биш татварт дургүйцсэн зүйл байхгүй. Сум нь өөрөө амьдрал ахуй тааруу, цөөн малтай бол чөлөөлөх, эсвэл бага татвар тогтоох зэргээр зохицуулаад явах боломжтой болно. Ямартай ч УИХ эрх зүйн орчныг нь нээгээд өгчих хэрэгтэй. Ингэснээр сумын ИТХ айл өрхийнхөө мал, амьжиргааг мэдэх учир татвараа ногдуулаад явчих боломжтой.
-Хувийн тэтгэврийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар нэлээд нухацтай хэлэлцэж байна. Энэ шинэчлэлийг хийх нь зөв үү?
-МАН-ын мөрийн хөтөлбөрт “Олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог дэмжинэ” гэж тусгасан. Амласан амлалтаа биелүүлэх ажлын нэг нь хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, тэтгэврийн шинэчлэлийг хийх явдал бөгөөд энэ хуулиас эхлээд явж байна. Тэтгэврийн шинэчлэлийг хийснээр олон хүнд илүү боломж нээгдэнэ гэж ойлгож байна. Тиймээс тус хуулийн төслийг дэмжээд явах нь зөв.
-Ирэх оны төсөвт аймгуудад харилцан адилгүй төсөв, мөнгө хуваарилсан гэх шүүмлэл гарч байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Өмнөговь аймаг төсөв, хөрөнгийн боломжтой аймаг гэдгээрээ онцлогтой. Орон нутгийн “Тавантолгой” компанийн 51 хувийг эзэмшдэг учир ногдол ашгийнх нь 51 хувийг аймаг авдаг. Энэ нь жилд 26 тэрбум төгрөг болдог. “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг компаниас үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашигласны төлбөр авдаг. Мөн хувь хүний орлогын албан татвар гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжилтээ олж, улсын төсвөөс их хөрөнгө шаардахгүй асуудлаа шийдчихдэг юм. Гэтэл ирэх оны улсын төсөвт 78.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тусгасан байна. Улсын төсөвт төвлөрүүлдэг хөрөнгийг улам нэмж тавьчихаад, томоохон төслүүдийг эхлүүлэх хөрөнгийг тусгаагүй байгаад миний хувьд бухимдалтай байгаа.
Манай аймгийн хувьд төсөв, санхүүгээ өөрсдөө бүрдүүлдэг гэдэг утгаараа мөнгө бага хуваарилдаг. Ирэх жилийн төсөвт 14 орчим тэрбум төгрөгийг хуваарилсан байна. Тиймээс Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд аймгийн төсвөө нэмэгдүүлэх талаар хэлж, ярьж байгаа.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжлүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-ын ээлжит бус хуралдаанаар баталсан. Үүнд томоохон төслүүдийг хөдөлгөхөөр тусгалаа. Тухайлбал, Орхон голын илүүдэл усыг нөөцөлж, Онгийн гол руу урсацыг нь нийлүүлэх төсөл байна. Уг төслийг хэрэгжүүлснээр дээрх голын урсац Улаан нуур руу цутгах бөгөөд цаашлаад Тавантолгой руу хоолой татаж, усаар хангах боломжтой болох юм.
Төслийг эхлүүлэх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах талаар байр сууриа илэрхийлж байна. Харин БОАЖЯ-наас уг төслийг улсын төсвөөс бус Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төсөл, аж ахуйн нэгжүүдээс хөрөнгө босгож эхлүүлнэ гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа юм. Мөн Өмнөговь аймгийн баруун гурван сум Хятадаас цахилгаанаа авдаг. Үүнд төсөв хөрөнгө тавиагүй байна. Дээр нь баруун гурван сумыг авто замаар холбох асуудлыг сүүлийн найман жил ярьж байна. Аймгийн төсвөөс жилд бага хэмжээний хөрөнгө тусгаж явсаар 100 гаруй км авто замыг нь тавьсан. Одоо 200 гаруй км замын ажлыг гүйцэтгэх хөрөнгийг улсын төсөвт суулгуулахаар саналаа хэлж байна.
-Өмнөговь аймаг ирэх жилийн улсын төсөвт 78.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан байгааг та хэллээ. Энэ хөрөнгийг босгох боломжтой юу?
-Цар тахалтай холбоотойгоор орон нутгийн “Тавантолгой” компани энэ жил муу ажилласан. Хагас жилийн мэдээгээр 3.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Оны эцэст мөн 3.9 тэрбум төгрөг гэж үзвэл найман тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар байна. Үүний 51 хувийг ирэх жил авна гэж тооцвол дөрвөн тэрбум төгрөгийн л ногдол ашиг аймагт орж ирэхээр байна. Гэтэл ногдол ашгийг 26 тэрбум төгрөг гэж тавьсан байгаа нь үндэслэлгүй тоо юм.
Ер нь Монгол Улсаа хөгжүүлье, эдийн засгаа хурдацтай сэргээе, босгоё гэвэл уул уурхайн салбар, тухайн бүс нутаг, үйлдвэрлэлийн салбар руу анхаарах хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Өмнөговь аймагт 450 МВт-ын цахилгаан станцын томоохон төсөл хэрэгжүүлж, Зэс боловсруулах болон Тавантолгойн үйлдвэр технологийн парк, Нүүрс угаах, баяжуулах үйлдвэр байгуулна гэж тусгасан. Төмөр замыг удахгүй ашиглалтад оруулах гэж байна.
Эдгээр төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа хийж чадвал эдийн засгаа цааш нь авч явах, олон ажлын байрыг нэмэгдүүлэхээр харагдаж байгаа ч эдгээрийг цааш явуулах хамгийн чухал зүйл нь ус болчихоод байна. Өмнөговь аймагт гол мөрөн байхгүй учир гүний ус л хэрэглэдэг. Зөвхөн Оюутолгой гэхэд секундэд 900 литр ус хэрэглэж байна. Тиймээс гадаргын усаа яаралтай ашиглах томоохон төсөл буюу Орхон гол, Хэрлэн гол төслийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгийг хамгийн түрүүнд төсөвт суулгах хэрэгтэй байна.
-Тавантолгойн цахилгаан станцын төсөл ямар шатандаа явна вэ?
-450 МВт-ын цахилгаан станцын төсөл бол маш том. Засгийн газар өөрийн төсвөөр тус төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тавантолгойн цахилгаан станцын төслийн хүрээнд аймгийн зүгээс газрын асуудлыг нь шийдвэрлэчихсэн. Тавантолгойн ордоо түшиглээд Цогтцэций сумын урдхан талд байгуулахаар боллоо. Төслийг удирдах баг бүрэлдэхүүнийг томилсон. Одоо хөрөнгөө босгох ажлыг хийх байх. 
Монгол Улс эрчим хүчээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс хангах зорилт тавьсан. Тиймээс тус цахилгаан станцыг барьснаар зөвхөн Өмнөговийг бус төв рүүгээ эрчим хүч түгээх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон аймгуудыг цахилгаанаар хангах юм. Мөн цахилгаан, эрчим хүч дутагдалтай Өвөрмонгол руу экспортлох боломжтой болно.
Үүнээс гадна “Оюутолгой” компани жилдээ 150-200 сая ам.долларыг БНХАУ-д эрчим хүч хэрэглэсний төлбөрт төлдөг. Түүнийг дотооддоо үлдээх, валютын нөөцөө нэмэгдүүлэх сайхан боломж бүрдэнэ.
-Таны хувьд Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүн. Чуулганы завсарлагааны үед тойрогтоо ажиллаад ирсэн. Ямар асуудлыг шийдвэрлэв?
-Говь нутгаас сонгогдсон гишүүний хувьд усны асуудал бол миний УИХ-д тавих хамгийн гол асуудал юм. Мөн цөлжилт, байгаль, орчны нөхөн сэргээлт, авто зам, төмөр зам, дэд бүтцийн асуудал бий. Монгол Улсын нүүрсний экспортын 90 хувийг Өмнөговь аймгаас гаргаж байна. Тиймээс хилийн хоёр том боомтын шинэчлэл, нүүрс тээвэр, тээврийн жолооч нарын асуудалд анхаарч байна.
УИХ-ын гишүүн болсноосоо хойш өнгөрсөн есдүгээр сарын турш тойрогтоо ажиллаад ирлээ. Өмнөговь аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал нь одоогоор өвөлжилтийн бэлтгэл, өвлийг өнтэй давах болоод байна. Аймгийн хэмжээнд түүхэндээ мал сүргийн тоо хамгийн ихээр өсөж, 3.6 сая толгой малтай боллоо. Бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн. Нутгийн 20 хувь нь л зуншлага сайн, бусад нь гантай байлаа. Тиймээс 600 гаруй малчин өрхийн хагас сая мал отроор өвөлжих чигтэй байна.
Нутгийн өмнөд хэсгийн дөрөвхөн сумын нутагт ногоо гарсан учир маш их хүн, мал отор нүүдлийн байдалтай байгаа юм. Үүнийгээ дагаад бэлчээр, худаг, усаа булаацалдах, эвдрэлцэх асуудал гарч байна. Тиймээс сумдын Засаг дарга нар, онцгой байдал, хилийн цэргийн холбогдох удирдлагуудтай уулзаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал, сумдын Засаг дарга нарын хооронд малчдыг сумын нутгаасаа хөөхгүй байх, бэлчээр, худаг, ус гаргаж өгөх, газар нутаг зааж өгөх талаар гэрээ, хэлцэл байгуулах ажлыг хийсэн.
Мөн УОК-т энэ талаар мэдээлэл өгснөөр УОК-ын бүрэлдэхүүн Өмнөговь аймагт ажиллаж, тодорхой төсөв, хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас хуваариллаа. Үүнийг өвс тэжээл бэлтгэх, худаг ус гаргахад зориулна. Зөвхөн Өмнөговь бус найман аймагт хүндрэлтэй байгаа. Эдгээрт мөн тодорхой төсөв хөрөнгийг хуваарилсан. Үүнээс гадна мал, мах борлуулах асуудалд дэмжлэг үзүүлээч гэдэг асуудлыг малчид тавьж байна. Тиймээс ХХААХҮЯ-нд хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн ч одоогоор энэ талаар шийдвэр гаргаагүй байгаа юм.
-Хэдий хэмжээний, мах борлуулахаар төлөвлөсөн бэ. Боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын хувьд хэр байна вэ?
-Өмнөговь аймгийн хувьд наад зах нь 12 мянган толгой мал борлуулах боломжтой гэж үзэж байна. Гэтэл улсын хэмжээнд мах борлуулах зөвшөөрөлтэй зургаан аж ахуйн нэгж Улаанбаатарыг тойрон байрлаж байна. Эдгээр аж ахуйн нэгж нь төсөв, хөрөнгө тааруугаасаа болоод мал, махыг их хэмжээгээр нь авч чадахгүй байгаа. Хоёрдугаарт, өөрсдөө мал, махаа авчирч өг гэсэн шаардлагыг тавьж байна. Холын аймгаас мал, махаа авчирч өгөх нь малчдад хүндрэлтэй. Тиймээс махны үйлдвэрүүдэд төрөөс дэмжлэг үзүүлэх зэргээр зохицуулах шаардлагатай байна.
-Мал, махаа борлуулахад хамгийн түрүүнд малын эрүүл ахуйн асуудлыг хөнддөг. Малчид энэ талаар анхаарч байна уу?
-Өмнөговь аймгийн хувьд сүүлийн гурван жил дараалан 6000 гаруй малчин өрхийн бууц, өвөлжөөнд орон нутгийн төсвөөр угаалга, ариутгал хийсэн. Мөн бүх бог малаа угаалгад оруулж, ариутгал, халдваргүйжилт хийлгэжээ. Малын эрүүл мэндэд малчид маань маш их анхаардаг учир мал, махаа борлуулахад асуудал байхгүй.