Гадаадаас санал авдаг ямар аргууд байдаг вэ?
2011.08.14

Гадаадаас санал авдаг ямар аргууд байдаг вэ?

 

Хоёр. Гадаадаас санал авдаг арга хэлбэрийн тухайд

Цувралын эхний дугаараар бид гадаад дахь иргэдийнхээ саналыг авдаг дэлхийн 115 орныг ерөнхийд нь  харьцуулан үзсэн билээ. Энэ удаад гадаадаас санал авдаг ямар ямар арга хэлбэр байгааг зэрэгцүүлэн үзэх болно. Дор дурдагдах бүх тоо баримт, судалгааг Олон Улсын Ардчилал, Сонгуулийн Дэмжлэгийн Хүрээлэн буюу International IDEA  байгууллагын Voting from Abroad буюу Гадаадаас саналаа өгөх нь хэмээх гарын авлагаас авлаа. Энэхүү гарын авлагыг интэрнэтээс үнэгүй татан авч танилцах боломжтой.

Арга хэлбэрүүд

Өмнө дурдсанчлан дэлхийн 115 улс гадаад дахь иргэдийнхээ саналыг авдаг билээ. Дэлхий нийтийн туршлагыг харахад гадаадаас санал авах таван үндсэн хэлбэр байна. Үүнд:

 

• Биеэр өгөх буюу дипломат албадын байранд, эсвэл тусгайлан бэлдсэн цэгт хүрэлцэн очиж саналаа өгөх.
• Шуудангаар өгөх
• Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан өгөх
• Электрон хэлбэрээр өгөх.
• Факсаар өгөх.

Дээрх 115 улсын ихэнх нь буюу 83 нь эдгээр таван аргаас зөвхөн ганцыг нь л хэрэглэдэг бол 27 улс хоёр болон түүнээс дээш аргыг хослуулан хэрэгжүүлж байна. Ганц аргаар гаршсан 83 улсаас 54 нь биеэр ирж саналаа өгөх аргыг сонгосноос харахад дэлхий нийтэд гадаад дахь иргэдийнхээ саналыг авдаг хамгийн түгээмэл арга нь энэ болох нь тодорхой юм. Үүний тулд тухайн улс ЭСЯ болон бусад дипломат төлөөлөгчийн газраа, заримдаа тусгай өөр газар сонгуулийн цэг ажиллуулдаг байна.

 

Харин Австри, Бангладеш зэрэг 25 улс зөвхөн шуудангаар санал авдаг тогтолцоотой аж. Того, Вануату тэргүүтэй дөрвөн жижиг улс зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь дамжуулж санал авч байна.

 

Олон арга хослуулан хэрэглэдэг 27 улсыг одоо авч үзье. Индонез, Япон, Латви, Палау зэрэг 12 улсад биеэр болон шуудангаар өгөх аргыг, Алжир, Франц, Мали зэрэг 7 улсад биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өгөх аргыг, Энэтхэг, Нэгдсэн Вант Улс хоёрт шуудангаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өгөх аргыг хослуулан хэрэглэдэг бол Бельги, Швед, Австрали, Эстон, Нидерланд, Шинэ Зеландад гурван аргыг хамтад нь ашигладаг ажээ.

Өөрөөр хэлбэл сүүлд дурдсан энэ зургаан улс гадаад сонгогчдынхоо цаг зав, нөхцөл байдлыг хамгийн ихээр харгалзан, ямар нэг аргаар заавал саналыг нь авахаар хичээж байгаа нь харагдаж байна.

Монголд аль нь тохиромжтой вэ?

Ер нь бол ирээдүйд, хөгжлийн өндөр төвшинд хүрэхээрээ дээрх бүх аргыг бүгдийг нь хэрэглэдэг болох биз ээ. Тохиромжгүй арга гэж бол байхгүй. Харин яг өнөөгийн нөхцөлд, эдийн засаг, ардчиллаараа дэлхийд тийм ч дор биш хирнээ сонгуулийн тал дээр бүтэн 115 улсын дор, дэлхийд хамгийн сүүлд явж байгаа нөхцөлд аль нэг аргаас эхлэх нь илүү үр дүнтэй. Тэгвэл дипломат төлөөлөгчийн газар биеэр өгөх арга бол манайд эхний ээлжинд тохирно гэж бодож байна.

 

Учир нь монголчууд хамгийн олноор суурьшдаг улс бүхэнд манайх Элчин сайдын яамтай. Японы монголчууд Токиод, Солонгосын монголчууд Сөүлд, Хятад дахь монголчууд Бээжинд, Оросын монголчууд Москвад, Европ дахь монголчууд аль ойр байгаа ЭСЯ дээрээ саналаа өгч болно. Америкийн хувьд бол Вашингтон хот орчмын монголчууд ЭСЯ дээрээ,  Бэй Ареа орчмынхон удахгүй байгуулагдах консулын газраа, харин Чикаго, Дэнвэр, Лос-Анжелес, Сиэттл хотуудад тусгай цэг ажиллуулж болох юм. Энэ тохиолдолд гадаад дахь монголчуудын нэлээд хувийг хамруулах боломжтой. Учир нь ихэнх монголчууд дээр дурдсан улс, хотуудад сууж байна гэсэн тооцоо бий.

 

Хэдэн сонгогч байгааг тооцоолсны үндсэн дээр тэр газар сонгуулийн цэг ажиллуулах эсэхийг шийддэг олон улсын стандарт бас байдаг. Гэхдээ тэрхүү стандарт нэн харьцангуй. Тухайлбал, Болгарт дор хаяж 20 сонгогч, Бразил 30 сонгогч бүртгэгдсэн тохиолдолд тэнд биеэр өгөх сонгуулийн цэг ажиллуулна гэж хуулиндаа заасан бол Сенегалын хувьд босго маш өндөр, дор хаяж 500 сонгогч бүртгүүлсэн газар сонгуулийн хороо ажиллах ёстой юм байна.

 

Илүү олныг хамруулна гэвэл шуудангийн аргатай хослуулж болно. 25 улс зөвхөн энэ аргыг хэрэглэдэг гэдгийг дурдсан байгаа. Ихэвчлэн шуудан сүлжээ нь сайн хөгжсөн, маш найдвартайд тооцогддог Баруун Европын улсууд энэ аргыг хэрэглэж байна.

Давуу болон дутагдалтай тал

Одоо санал авах эдгээр аргын давуу болон дутагдалтай талуудыг харьцуулан авч үзье.


Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан саналаа өгөх нь гадаадад сонгуулийн цэг ажиллуулах хэрэггүй, хөрөнгө мөнгө бараг шаардахгүй сайн талтай. Гэвч мөнөөх төлөөлөгч нь энэ явцыг өөрийнхөө саналыг давхар өгөх боломж болгон ашиглаж болзошгүй, үүнийг нь хянах боломжгүй муу талтай байна.

 

Дипломат төлөөлөгчийн газар өгөх нь хамгийн ил тод, шударга, хяналт сайтай систем юм. Дипломатчид сонгуулийг ажиглаж, буруу явахаас сэргийлж чадна. Гэвч тэрхүү дипломат төлөөлөгчид маань өөрсдөө улс төрийн аль нэг хүчнийг төлөөлж байх эрсдэл бий. Мөн дипломат төлөөлөгчийн газаргүй улс орны иргэдийн хувьд боломжгүй арга юм.

 

Шуудангаар санал авах нь хөрөнгө мөнгөний талаас, зохион байгуулалтын талаас хямд төсөр тусдаг. Харин ил тод явагдах талаар асуудалтай, шуудангийн ажиллагааны доголдлоос шууд хамаарах эрсдэлтэй. Саналаа шуудангаар шууд улс орон руугаа биш дипломат төлөөлөгчийн газраа илгээх нэг хувилбар бас бий.

 

Цахим санал илгээх арга бол нэгд  хурдны талаасаа, хоёрт дэлхий даяар байгаа бүх иргэдээ оролцуулах боломжийн талаасаа хамгийн зөв шийдэл. Гагцхүү будлиантуулах, хакердуулах зэрэг системийн алдаа томоохон эрсдэл дагуулна.

 

Энэ бүгдээс харахад бүх л арга өөрийн гэсэн давуу талтай, бас сул талтай, улс орныхоо нөхцөлд тохируулан сонгох нь илүү үр дүнтэй нь тодорхой байна. Гагцхүү сул талаас нь айгаад суугаад байвал хэзээ ч хэрэгжихгүй биз ээ.

Гадаад дахь иргэд нь хууль тогтоох байгууллагадаа төлөөллөө сонгодог улс орнуудын тухайд

Европын дөрөв, Африкийн дөрөв, Америкийн гурван улс гадаад дахь иргэдээсээ саналыг нь аваад зогсохгүй, тэдний сонгосон депутатад парламентийн суудал оноодог байна. Жишээлбэл, Алжир 389 суудлынхаа 8-ыг нь буюу 2%, Ангол 220 суудлынхаа 3-ыг нь буюу 1,4%, Хорват 152 суудлынхаа 6-г нь буюу 3,9%-ийг гадаад дахь иргэдийнхээ төлөөлөлд олгодог ажээ.

 

Ингэхдээ ихэвчлэн байгаа улс орноор нь тойрог болгодог байна. Тухайлбал Италийн гадаад дахь иргэд нийт 630 парламентчийнхаа 12-ыг нь өөрсдөө сонгох эрхтэй бөгөөд 1. Европ, 2. Өмнөд Америк, 3. Төв болон Хойт Америк, 4. Африк, Ази, Номхон Далайн Орнууд гэсэн дөрвөн тойрог болгодог байна. Мозамбик харин парламентийн 250 суудлаас хоёр гишүүний квоттой, үүний нэгийг Африк тив дэх мозамбикчууд, нөгөөг нь дэлхийн бусад бүх тив, улс дахь мозамбикчууд сонгодог байна.

 

Эдгээр улс орны тухай дурдаж байгаа маань: Зарим улс бүр гадаад дахь иргэдийнхээ төлөөллийг парламентдаа сонгоод байхад бид ядаж зүгээр саналыг нь авчих хэрэгтэй юм даа гэсэн санааг хэлэх гэсэн хэрэг билээ. Яагаад энд үүнийг тодруулав гэхээр зарим нэг нь буруугаар ойлгож, зарим нь нь ойлгосон ч мушгиж, “Эд чинь өөрсдөө УИХ-д гарах гээд байгаа улс юм байна шүү дээ” гэж сонгох эрхээ эдлэх гэсэн санаа, зорилтыг маань гуйвуулан буруушааж мэдэх юм.

Ер нь бол бид хоёр л зүйлийг дахин хэлмээр байна. Хүсвэл боломж нь байгаа шүү. Дэлхийн 115 улс гадаад дахь иргэдээсээ саналыг нь авдаг шүү.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.