2020.11.24

С.Ганбаатар: Цар тахлын үед түрээслэгчид, бизнес эрхлэгчдийг түрээсийн дарамтгүй болгож өгнө үү?

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа:

Онцгой байдал, дайны байдал бий болсон. Эрүүл мэндийг нь зохицуулах гээд эдийн засгийн золиос, аюулгүй байдлыг төр золионд гаргаж болохгүй гэдгийг онцгойлж хэлмээр байна. Дайн л болж байгаа бол түрээслэгчидтэй зохион байгуулалтад орж, бизнес эрхлэгчдийг түрээсийн дарамтгүй болгож өгнө үү?

Зээл, хүүний асуудал дээр маш олон зүйлс ярьсан ч бодит амьдрал дээр хад мөргөж байна. Шадар сайдын дэргэдэх ажлын албатай шууд холбогдох утастай болгож өгнө үү?

Цар тахлын үед эрчим хүчний асуудлыг төр хариуцах хэрэгтэй байна. 

Төрийн үйлчилгээний захиргааны ажилтнууд цар тахлын үед цалингаа авч байна. Харин хөдөлмөр эрхэлж байгаа, аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын хөдөлмөрийн капиталыг хамгаалах дээр ажилгүйдлийн сангаас мөнгийг нь гаргаж өгөх хэрэгтэй. НД-ийн таван сан дотроо шилждэг. НД-ийн ажилгүйдлийн санг санхүүжүүлж үүн дээр Монголбанк дээр бонд босгож энэ асуудлыг шийдэх гарц гаргалгааг шийдье. 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Засгийн газар 1111 утсан дээр тусгайлан 24 цагаар иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байгаа. Үүний дагуу нэгтгээд зохих зохицуулалтын арга хэмжээг өдөрт хоёр удаа хуралдахдаа арга хэмжээг авч хянаж байгаа. Хүнсний хангамж, дулаан, түлш, ус, эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй байх тал дээр зохицуулан ажиллаж байна.