2020.11.30

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татаж гаргах түүхэн шийдвэр гарлаа

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн цахим хуудастаа “ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ДАЛАЙ ЭЭЖЭЭ ДЭЭДЭЛДЭГ ХӨВСГӨЛЧҮҮДИЙНХЭЭ ӨМНӨӨС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.” гэсэн пост анхаарал татлаа. Учир нь, Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татаж гаргах шийдвэр гаргасантай холбоотой юм. Уг тогтоолд,

“Төрийн зарим байгууллагын судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл Хөвсгөл нуурт живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр буюу 1,1 м3 ус бохирдуулдаг байна. Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0,26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм. 

Японы эрдэмтэд болон нуурын ёроолоос аюултай хог хаягдал гаргаж байсан туршлагатай ОХУ-ын компанийн тайлан, санал зэргээс үзэхэд бэлтгэлээ хангах, татаж гаргахад хоёр жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна. Машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг сайд Д.Сарангэрэлд даалгажээ.” 

Хөвсгөл нутгийн иргэдээ төлөөлөн ажиллаж буй УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ тухай хэлэхдээ,

“Эхлүүлсэн ажил 10 жилийн дараа үр дүнд хүрэх тэр мэдрэмж их гоё байдаг юм байна. Нэг тийм өндөр даваан дээрээс далай ээжээ харж байгаа юм шиг сайхан мэдрэмж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны зун манай аймагт ажиллах үеэр Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргахад анхаарна гэдгээ нутгийн иргэдтэй хийх уулзалт дээр хэлж байсан юм. Засгийн газрын хуралдаан дээр энэ төсөлд биечлэн хяналт тавьж, ажлыг эхлүүлэхээ мэдэгдлээ. Суурь судалгаа хийх, татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана гэдгийг ч хэллээ” гэжээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2014 онд хувиасаа санхүүжүүлж “Хөвсгөл нууранд живсэн шатахуунтай тээврийн хэрэгслийн байршлыг тогтоосон, Хөвсгөл нуурын усны бүтэц болон эко судалгаа хийсэн Олон Улсын эрдэмтэдийн багийн ажлын тайланг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлд албан ёсоор гардуулж өгнө гэдгээ хэллээ. Мөн Засгийн газрын шийдвэр гарсан даруй Д.Сарангэрэл сайдад баяр хүргэсэн бөгөөд сайд Хөвсгөл нутгийн хүн болохоор уг шийдвэрт маш их баяртай байгаагаа ч илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2010 оноос “Хөх сувд” төслийг хэрэгжүүлж, хувиасаа 150 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэн Япон, АНУ-ын эрдэмтдийн баг Хөвсгөл нуурын ургамал амьтны судалгаа болон нууранд живсан машинуудын байрлалыг тогтоох судалгааг сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн байна. 

"ХӨХ СУВД" нуур хамгаалах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлыг дурдвал, 
  • Хөвсгөл нуурын орчмын байгаль орчныг хамгаалах, тодорхой санхүүжилтийг жил бүрийн Улсын төсөвт тусгуулах тухай УИХ-ын БОХХААБХ-ны тогтоол гарав.
  • Олон Улсын эрдэмтэдийн багийг урьж Хөвсгөл нууранд живсэн шатахуунтай тээврийн хэрэгслийн байршлыг тогтоож, судалгааны үйл ажиллагааг 100 сая төгрөгөөр санхүүжүүлэв. 
  • Хөвсгөл нуурын усны нөөцийг бүрдүүлдэг Дархадын хотгорын цөлжилт, ширгэсэн нууруудыг сэргээх судалгааны ажлыг эхлүүлэв.
  • 2015 онд Хөвсгөл нуурын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх аян өрнүүлж 100 тонн хог цэвэрлэв. Жил бүр  80-100 тонн хог хаягдлыг  орон нутгийн Төрийн болон ТББ, иргэдийн оролцоотой цэвэрлэдэг уламжлал тогтлоо.
  • Канад сангаас 18,300 ам,долларын хөрөнгө оруулалтаар Хөвсгөл нуур орчмын гар урчуудад багаж, тоног төхөөрөмжийн
  • Азийн Хөгжлийн банкны 6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөвсгөл нуурын байгаль орчны менежментийг сайжруулах, Хөвсгөл нуурын орчмын 5 сумын иргэдийн амьжиргааг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжлээ.
  • Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай зам барих төсөл, Азийн хөгжлийн банкны удирдлагуудтай ХАТГАЛ-ЖАНХАЙН давааны хатуу хучилттай авто замын хөрөнгө оруулалт татахаар болов.
  • Монгол эрдэмтэдтэй хамтран Хөвсгөл нуурыг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж бичиг баримтыг бүрдүүлэн ЮНЕСКО-д хүргүүлэв.
  • Дархадын хотгорын цөлжилтийг бууруулах, Цойцон нуурыг нөхөн сэргээх төсөл хэрэгжинэ. 

Түүнчлэн 2014 оны 8 сард Азийн хөгжлийн банкны захирлуудыг Хатгалд урьж ХӨХ СУВД хөтөлбөрийг танилцуулж, 3 сая долларын хөрөнгө оруулалтыг авч, 4 жилийн хугацаанд Хөвсгөл нуурын эрэг дагуух 6 сумыг дамнасан иргэдийн амьжиргаа, цаатан иргэдийн өвийг хадгалан үлдээх амжилттай төслийг хэрэгжүүлсэн юм. Үргэлжлүүлэн 18 сая долларын санхүүжилтээр төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Автозам, хог хаягдал, цэвэрлэх байгууламж зэрэг асуудлыг энэ төслийн хүрээнд шийдвэрлэх юм.

Монгол Улсын Засгийн газраас ийнхүү түүхэн шийдвэр гаргах хүртэл Далай ээж, Хөвсгөл нутаг, нутгийн зон олныхоо төлөө тасралтгүй хичээн ажиллаж, шаардлагатай хөрөнгө, санхүүг бий болгон ажиллаж яваа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танд Хөвсгөлчүүд төдийгүй Монгол Улсын иргэн бүрийн өмнөөс талархал илэрхийлье.