Н.Цэрэнбат: Сүүлийн 20 гаруй жил ярьж буй гадаргын усыг ашиглах ажлыг эхлүүлнэ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас зарим асуултад хариулт авлаа.
-Монгол Улс усны асуудал хариуцсан бие даасан газартай болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж чадсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Усны салбарын хамт олондоо мөн баяр хүргэе. Монгол Улс анх 1938 оноос усны бодлогыг тусгайлан хариуцсан газартай байсан ч 1990 оноос хойш байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, тогтвортой бодлогоо алдчихсан байсан. Үүний нэг нотолгоо нь 2012 онд Усны агентлагийг татан буулгаж, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг нь харьяа яамдад хуваарилсан явдал юм. Хөгжлийг дагаад усны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр салбарын бодлогыг зангидсан газар байх ёстой гэсэн манай Засгийн газрын бодлого хэрэгжих эхлэл бүрдэж, бид Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Усны газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах тогтоолыг гаргуулаад байна.
-Усны газрыг байгуулснаар салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэж чадна гэсэн хүлээлт үүсэж байх шиг байна?
-Усны бие даасан газартай болсноор хариуцлага, гүйцэтгэл сайжирна гэж үзэж байгаа. Үүний төлөө шахаж, шаардаж ажиллана. Энэхүү агентлаг маань цаашид усны салбарын судалгаа, шинжилгээ хийх, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд тулгуурлан усны ашиглалт, нөөцийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ гэж тооцоолж байгаа учир салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх томоохон түлхэц болсон.
-Манай улсын усны хэрэглээний 80 гаруй хувь нь гүний ус, 20 орчим хувь нь гадаргын ус байдаг. Энэ асуудлыг өөрчлөх ямар бодлого барьж байна вэ?
-Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил ярьж буй гадаргын усыг ашиглах ажлыг Усны газар эхлүүлнэ. Үүний тулд өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд БОАЖЯ-наас гадаргын усыг ашиглах боломжтой 12 томоохон голын 33 байршилд судалгаа хийж, бэлтгэл ажлыг хангасан. Усны газар маань тухайн байршлуудад цас, борооны усыг ашиглах, хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэх зорилтыг нэн тэргүүнийх болгож ажиллах юм. УИХ-аар усны урсгалын тохиргоо хийхэд зориулж 2 тэрбум төгрөгийн төсвийг батлуулж чадсан нь Монголд анх удаа гадаргын усыг хуримтлуулах, урсгалын тохиргоо хийх томоохон ажлын эхлэл боллоо.
-Байгууллагын санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Засгийн газраас улсын төсөвт ямар нэгэн байдлаар дарамт үзүүлэхгүйгээр асуудлыг шийдэх чиглэл өгсөн шүү дээ?
-Төсөв, орон тооны хувьд БОАЖЯ-ны сайдын багцад хөдөлгөөн хийж байгаа. Усны бодлогыг хэрэгжүүлэхэд олон салбар хоорондын байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах учир мэргэжлийн байгууллагууд маань агентлагтайгаа хамтарч, үүсээд байгаа хүндрэлийн алийг нь төр шийдэх вэ, алийг нь оролцогч ААН-үүд шийдэх вэ гэдэг асуудлыг тодорхойлно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа бид бохирдуулагч нь илүү их төлдөг байх. Үүнээс олсон орлогын 50 хувийг усыг дахин ашигладаг, цэвэрлэх байгууламж ажиллуулдаг төр, хувийн хэвшлийн компаниудад татаас байдлаар олгоно гэсэн өөрчлөлтийг тусгасан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлж ажиллах агентлаг байгуулагдаж буй учир их итгэл найдварын зэрэгцээ маш өндөр хариуцлага хүлээлгэж байгаа гэдгийг хэлэх байна.