Х.Нямбаатар: Ажлын хэсгийн гишүүдийг томилохдоо улс төрийн явцуу эрх ашгаас ангид байлгах нь зүйтэй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Шинээр байгуулагдах ажлын хэсэг аль болох телевизийн урлагийг ойлгодог, улс төрөөс ангид баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах тал дээр хичээж ажиллаасай гэж хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаан дээр Хүний эрхийн үндэсний комиссийн сонгон шалгаруулалтын талаар шүүмжтэй үг хэлж байх шиг байна лээ. Бид үүнээс илүү хараат бус тогтолцоог бүрдүүлэхийг хичээсэн.
Өнөөдөр Хүний эрхийн үндэсний комисс үйл ажиллагаагаа эхлээд явж байгаа. Цаашдаа хуулийг нь өөрчлөх замаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг сонгон шалгаруулдаг журамд өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль журмаараа бол тодорхой байгууллагуудын төлөөлөлүүдээс сонгон шалгаруулах асуудал яригдаж байна. Тэрнээс бүх нийтэд нээлттэй сонгон шалгаруулах асуудал байхгүй.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хариуллаа.
МҮОНРТ дээр үүссэн асуудал дээр УИХ анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. УИХ-ын хурлын даргын нэр дээр, ТББХ-ын нэр дээр шаардлагуудыг хүргүүлсэн. МҮОНРТ-ийн бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзаж тодорхой арга хэмжээнүүдийг шийдвэрлэсэн. Нийт ирүүлсэн 9 шаардлагыг хуулийнхаа хүрээнд ярилцаж, шийдээд явж байгаа.