2020.12.02

Шинэ эдийн засаг ба Ковид

Төсөөлж, тооцоолоогүй цаг үеийг дэлхий нийтээрээ туулж байна. Цар тахлаас үүдэлтэй дэлхийн улс орнуудын эдийн засгийн хүндрэлийг Монгол Улс ч дайран гарч байна. Төрийн алга харсаар суух уу? Бэрхшээлийг боломж болгон шинэ арга замаар бизнес, амьдралаа удирдах уу? гэдэг хүн төрөлхтөний өмнө томоохон даваа болоод байна. 

Олон эдийн засагчид энэ цаг үе бидэнд шинэ боломжийг олж хараад, шүүрэн авч хэрэглэхийг шаардаж байна гэж дүгнэж байгаа бол өмнө нь төлөвлөлтөө хангалттай хийгээгүй, төсвийнхөө хөрөнгийг буруу тооцож, эрсдэл үүсэхэд даван гарах стратеги байгаагүйг ил гаргалаа ч гэж дүгнэж байна. Аль аль нь зөв байх талтай ч ийм цаг үед хэрхэх нь зөв бэ гэдгийг нэн тэргүүнд бодож, тодорхойлох шаардлага үүсээд байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан эхлүүлсэн “Шинэ эдийн засаг” энэ цаг үеийн нөхцөл байдлыг бүрэн тайлбарлах мэт. Тэрээр хэлэхдээ,
“Дэлхий нийтэд эдийн засаг, технологийн хөгжлийн нөлөөгөөр эрс хувиран өөрчлөгдөх шилжилтийн үйл явц явагдаж байна. Энэ хүрээнд “Шинэ эдийн засаг” хэмээх ойлголт, хандлага аль хэдийнэ бий болоод хэрэглэгдэж байна. Мөн коронавирусний халдварт цар тахал энэ үйл явцыг улам хурдасгах нь гарцаагүй боллоо. Монгол Улсын хувьд цар тахлаас хамааралтай эдийн засгийн хүндрэлийг давах бодлогын оновчтой шийдэл дутагдсаар… Иймд эдийн засгийн шинэ нөхцөл байдалд зохицон ажиллах, айсуй ирж буй ирээдүйн чиг хандлага, шинэ дэг журам, нөхцөл байдалд нийцэх орчинг бий болгох үүднээс цаашид “Шинэ эдийн засаг ба Ковид” сэдэвт төвлөрнө” гэсэн. 

О.Цогтгэрэл гишүүний санаачилгаар өнгөрөгч 9 дүгээр сард “Шинэ эдийн засаг-Увс” арга хэмжээг Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулж, 100 гаруй бизнес эрхлэгчид, банкны төлөөлөл, хөрөнгө оруулагчид үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцож, 3000 орчим иргэд 10 бүлэг сэдвээр амжилттай хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

Эцэст нь Увс аймгийн түүхий эдийн нөөц бололцоо, уламжлалт технологид үндэслэн чацаргана, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан ултай гутлыг хамтран хоршиж кластер хэлбэрээр зохион байгуулалтад орж “ЦУГ” брендийг үүсгэн зах зээлийг өргөтгөх, экспортод гаргах зорилгын доор ажиллахаар төр, захиргааны байгууллагууд, бизнес эрхлэгчид, арилжааны банкууд, хөрөнгө оруулагчид нэгдсэн. 

Харин О.Цогтгэрэл гишүүний энэ санаачилга улс орон даяар хэрэгжих шаардлагатай байна. Саяхан МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, ААН-үүдийн дунд хийсэн судалгаагаар цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үед нийт ААН-үүдийн 80 гаруй хувь нь 30 хоногийн эрсдэл даах чадвартай, түүнээс цааш үйл ажиллагаа бүрэн зогсоно, цалин олгож, ажлын байраа хадгалах боломжгүй болно гэдэг нь харагдсан.

Тэгвэл энэ хүнд цаг үед шинэ эдийн засгийн чадавхийг бий болгохын тулд ЦУГ-таа хичээх шаардлагатай гэдгийг санаачилга гаргасан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цахим орчинд онцолсоор байна.