2020.12.03

Ц.Туваан: Хуулийн хугацааг өөрчилхөөр хуралдахдаа нэмэлт өөрчлөлтийг давхар хийх саналтай байна

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Ковид-19-ын эсрэг 4-р сарын 29 нд баталсан хууль байгаа. Гишүүдэд энэ хуульд мониторинг хийсэн тайлан гаргаж өгсөн. Хууль дотор орох 12 журам байх ёстой гэж байгаа юм. Гэтэл 12 журамын зургаа нь батлагдаагүй байх жишээтэй. Хатуу хөл хорионы үед иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг нь хадгалах гээд заалтууд байгаа. 7.1.2, 7.1.5 гэсэн заалтууд нь хэрэгжихгүй байна. Үүнийг тогтоол дотроо яаж оруулж өгөх вэ?

Боловсролын салбар дээр танхимын сургалт явахгүй байгаа учраас их дээд сургууль, төлбөртэй дунд сургуулиудын төлбөрийн асуудлыг энэ хууль дотор хугацааг нь хойшлуулж дараагийн сургалтын жилд нь оруулж тооцно гэсэн заалт байгаа ч хэрэгжихгүй байна. Үүнийг тогтоол дээр яаж оруулж ирж байна вэ?

Энэ хууль 12-р сарын 1-ээр дуусгавар болно. Дотроо өөрөө заалттай нэг удаа зургаан сараар нэмж болно гэсэн. АН-ын бүлэг дээр ярилцаад энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад, санал авахаар Засгийн газар руу явуулсан байгаа. МАН-аас үүн дээр нэмж оруулах өөрчлөлтүүд байна уу? Хугацааг өөрчилхөөр хуралдахдаа нэмэлт өөрчлөлтийг давхар хийгээд явчих хэрэгтэй байна. 

Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-амгалан хариуллаа.

Урьд өмнө Монгол Улсад ийм онцгой байдал үүсхэд зохицуулагдаагүй байсан олон асуудлыг зохицуулж өгсөн хууль юм. Зарим зүйлүүд өчигдөр шаардлагатай байсан бол өнөөдөр огт шаардлагагүй зүйлүүд үүсч байна. Хичнээн хуульдаа гаргах гэж заасан боловч яг батлаад гаргахаар ямар ч ашиг гаргахгүй хуулиуд байгаа юм.