Өгөгдөл, мэдээлэл бол шинэ газрын тос
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл парламентын гишүүд дундаа эдийн засаг, бизнесийн орчны талаар өндөр мэдлэгтэй, чамбай асуулт, чанартай байр суурь илэрхийлдэгээрээ бусдаасаа ялгардаг. Энэ удаад тэрээр “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахаар ханцуй шамлан оржээ.
Өнөөдөр дэлхий ертөнц цахим орчинд эргэлдэж, үүлэн технологид суурилсан ажлын байрууд нэмэгдэж, аж үйлдвэржилтийн IV хувьсгал явагдаж байна. Энэ үед өгөгдөл, мэдээлэл хамгийн гол түүхий эд болдог. Тэгвэл манай улс ч дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд эрх зүйн орчноо сайжруулан шинэчлэх шаардлага үүсээд байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн нэмэлт, өөрчлөлтөд иргэд, олон нийтийн саналыг авч эхэлжээ. Тэрээр энэ тухайгаа,
“Боловсруулалт, шинжилгээ хийгээд үнэ цэнэтэй өгөгдөл болгон ашиглаж болох
- Хувь хүний болон байгууллага, төрийн нууцад үл орох,
- Статистикийн мэдээлэлд ордоггүй мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлэх явдал нь төрд үүсч буй өгөгдөл, мэдээллийг эргэлтэнд оруулах хуулийн нэмэлтийн гол зорилго юм.
Төрд үүсэн буй өгөгдлийг эргэлтэнд оруулж, дата аналистууд, бизнесийнхэн боловсруулалт, шинжилгээ хийх түүхий эдтэй, төсөвт шинэ орлогын боломжтой болгох хуулийн төсөлд тусгах санал, шүүмжүүдээ ДАРААХ ЛИНК рүү хандаад ирүүлэхийг хүсье” гэжээ.
“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль нь 2011 онд анх батлагдсан. Уг хууль батлагдсанаар төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал болон иргэд (хуулийн этгээд)-ийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчин бүрдсэн юм. Хууль өнөөдрийг хүртэл ямар нэг өөрчлөлт, шинэчлэл хийгдээгүй бөгөөд 10 жил мөрдөгджээ.