М.Эрдэнэжаргал: Технологийн мэргэжилтнүүд эрх зүй, хүний нөөцийн чиглэлдээ анхаарах шаардлага үүссэн

М.Эрдэнэжаргал: Технологийн мэргэжилтнүүд эрх зүй, хүний нөөцийн чиглэлдээ анхаарах шаардлага үүссэн

Аливаа улс орны хөгжлийг шилдэг инженерүүд авч явдаг гэж үг бий. Монгол Улс үйлдвэржсэн, баялаг бүтээгч орон болохын тулд хөгжлийн тулах цэг юу байх вэ гэдгээ хөгжлийн хөтөлбөрүүдээрээ тодорхойлж, чадварлаг инженерүүдээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэсээр байна. Үүнийгээ дагаад эрх зүйн шинэчлэл шаардлагатай байна.

Vip76.mn сайт технологийн салбарын хөгжил, салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар системийн шинжээч, Инженер, эрх зүйч М.Эрдэнэжаргалтай ярилцлаа.


Монгол Улс технологийн салбараа хөгжүүлж, салбарт шаардлагатай эрх зүйн шинэчлэлийг алхам алхамаар хийж байна. Саяхан Инновацын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Энэ салбарт хөгжил ямар хурдтай явж байгааг мэргэжлийн хүний хувьд хэрхэн тодорхойлох вэ?

- Технологийн салбар манай улсад тодорхой хугацаанд хөгжөөд явж байна. Харин өнөөдрийн түвшинд харахаар энэ салбар зогсонги байгаад, энэ төрлийн бизнесүүд яагаад хөгжихгүй байна вэ гэдгийг салбарын мэргэжилтэнүүд ярьж байна. Хөгжихгүй байгаа шалтгааныг олохын тулд технологийн хүмүүс гаргадаг алдаагаа эргэж харах хэрэгтэй. Технологийн хүмүүс технологи л нэвтрүүлэх гэдэг. Гаднаас эсвэл өөрсдөө бүтээсэн хамгийн мундаг сайн технологийг л нэвтрүүлэх гэж зорьдог. Хэрэглэгчдэд тэр технологио хүчээр шахаад байгаа. Гэтэл хэрэглэгч юу хүсдэг вэ гэхээр тухайн технологийг өөрийн хэрэглээндээ л ашиглахыг хүсдэг. Бид тэр хүсээд байгаа хэрэглээнд суурилсан технологийг нь нэвтрүүлж чадахгүй байгаад асуудлын гол нь юм. Үүнээс болж технологийн бизнес нь урагшаа явдаггүй. Яагаад гэхээр технологийн бизнесийг сургалт суурьтайгаар нэвтрүүлдэг.

Компьютер, гар утсаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа хүмүүст яаж энэ үйлчилгээг нэвтрүүлэх вэ гэдгээ бодох ёстой. Үүний тулд тухайн хүмүүс яг юу хүсэж байгааг анхаарах хэрэгтэй. Үүнээс үүдэж дараагийн технологио бий болгох ёстой болохоос технологио гол болгоод явбал энэ төрлийн бизнес, энэ салбар өөрөө цаашаа хөгжихгүй болно.

Төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийгдэж, 5 жилийн өмнөхтэй харьцуулахад Монголчууд олон төрлийн үйлчилгээгээ цахимаар авч байна. Энэ технологийн хөгжил биш гэж үү?

- Үйлчилгээ юу, технологи уу гэдгээ ялгаж харах ёстой. Иргэдэд үйлчилгээ үзүүлж байна уу эсвэл бүртгэлийн систем хийгээд байна уу? Өнөөдөр Засгийн газрын түвшиндээ бид дижитал шилжилтийн тухай яриад байна. Дижитал систем нь үйлчилгээрүүгээ л хүрэх гэсэн санаа. Бид өмнө нь аль ч түвшинд бүртгэлийн системээрээ л явж байсан. Эхний асуултандаа та Инновацын тухай хууль батлагдсан гэлээ. Энэ хууль мэдээж технологийг л дэмжиж байгаа. Харин технологийн бизнес хэрэглэгч, хэрэглээг дэмжсэн үү гэдэг нь тодорхойгүй. Өнөөдөр технологийн бизнесийг хэрэглэсэн хүнд ямар ашигтай юм бэ? Өөрөөр хэлбэл бизнес хэрэглэгч хоёрт ямар ашигтай хууль болов оо гэдэг л чухал юм. Дахиад л бид нар хуулиараа хүртэл технологио суурь болгосон. Хэрэглээ суурьтай хууль батлаагүй л гэсэн үг. Ингэхээр технологийн бизнес урагшлахгүй, хөгжихгүй болчихоод байна.

Тодорхой хугацаанд энэ төрлийн бизнес яваад байгаа мэт харагдах боловч урт хугацаанд хэрэглэгч, хэрэглээг суурь болгоогүй учраас таны технологийг хэрэглэгч ойлгохгүй, ашиглаж мэдэхгүй болохоор бизнес тэлэхгүй зогсдог.

Аливаа хэрэглэгч тухайн технологийг ойлгохгүй болохоороо алдааг програм, технологируу чихэж эхэлдэг. Энэ програм л буруу, муу байсан учраас болохгүй байна гэдэг.

Тухайн програм, технологийг нэвтрүүлж байгаа бизнес, компани нь хэрэглэгчиддээ өөрсдөө технологио танилцуулж, хэрэглээг нь хангах ёстой юм биш үү?

- Эрх зүйн байдал нь тухайн бизнесийг нэвтрүүлэх орчин бүрдүүлж өгдөг. Төр нь боломжуудыг нээж өгч байдаг. Технологийн мэргэжилтэнүүд эрх зүйн мэдлэггүйгээсээ болж хууль зөрчих асуудал гардаг. Эрсдэл өндөртэй. Харин хэрэглэгч хууль зөрчсөн технологи авахыг хүсэхгүй. Иргэд хууль ёсны технологийг авдаг болохын тулд хуульд тусгаж өгөх ёстой. Тиймээс хэрэглээнд нийцсэн хуулийг батлах ёстой. Хүчээр технологийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжгүй.

Таны хэлж байгаа хэрэглээнд нийцсэн эрх зүй гэж юу вэ?

- Технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлэхэд хэрэглэгчийг бэлтгэх нь тухайн бизнесийн үүрэг байх нь үнэн. Гэхдээ тухайн үйлчилгээг эрх зүйн хувьд зөвшөөрөгдсөн, дэмжсэн байх нь төрийн үүрэг юм. Тэгэхээр бизнес эрхлэгч өөрөө үйлчилгээндээ нийцүүлж хууль зохиохгүй. Технологийн бизнесийн амжилттай явах үндэс нь хэрэглэгчийн тоотой шууд хамааралтай. Жишээ нь фэйсбүүк. Анх энэ үйлчилгээг хичнээн хэрэглэгчтэй байснаа өнөөдөр ямар байгааг харж болно. Тиймээс энэ технологи, үйлчилгээ нь хэрэглэгчийн тоотой шууд хамааралтай. Хязгаарлагдмал хэрэглэгчтэй бизнес нь тодорхой хэрэглэгчийн хязгаарт хүрээд, түүндээ үйлчилгээгээ үзүүлээд хангалттай явдаг. Харин технологийн бизнес гэдэг бол хязгаарлагдмал хүрээнд зогсохгүй хөгжиж байдаг.

Тэгвэл хэрэглээнд нийцсэн эрх зүйг бий болгоход хэн, юу хийх ёстой вэ?

- Хууль тогтоох байгууллага, УИХ үүнийг хийх ёстой. Мөн энэ чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын оролцоо ямар байна вэ гэдэг нь чухал. Хэрэгжүүлэгч агентлаг, тохируулагч агентлаг чиглэлийнхээ дагуу эрх зүйн орчин бүрдүүлэхэд оролцох ёстой. Төрийн байгууллагууд өнөөдөр бүгд мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнтэй.  Бүгд өөр өөрийн сервертэй. Энэ бүгдийг нийлүүлээд төрийн үйл ажиллагаа явагдаж байгаа болохоос байгууллага бүр тус тусдаа төр болохгүй. Харин хоорондын холбоосуудыг технологи өөрөө ямар эрх зүйн орчинд гүйцэтгэж байгаа нь нээлттэй болсноор технологийн үйлчилгээ яаж нэвтрэх вэ гэдэг л чухал юм.

Төрийн үйлчилгээ цахимжихын хэрээр мэдээллийн технологийн салбарын төрийн байгууллагуудын чиг үүрэг өндөрсөж байна. Эдгээр байгууллагууд хангалттай ажиллаж чадаж байна уу?

- Миний харж байгаагаар өнөөгийн түвшинд хангалттай ажиллаж байна гэж би хэлэхгүй. Мэдээллийн технологийн паркын чиг үүрэг нь өөр, Харилцаа холбооны газрын чиг үүрэг ч өөр. Үндэсний Дата төвийн чиг үүрэг нь ч өөр. Тохируулагч агентлаг, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн өмчит компани гэх мэт. Эдгээрийн хэн нь технологийн салбарынхаа бодлогыг тодорхойлж байна вэ гэдэг нь тодорхойгүй. Монгол Улс мэдээллийн технологийн салбараа яаж хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох ёстой.

Монгол Улс мэдээллийн технологийн салбартаа ажиллах хүний нөөцөө хэрхэн бэлтгэж байна вэ?

- Манай улсын технологийн салбарын хүний нөөц, мэргэжилтэнүүд маш чадварлаг. Гэхдээ тэнд технологи, хэрэгцээнд суурилсан эрх зүйн орчныг бий болгоход мэргэжлийн хүн биш эрх зүйч нар боловсруулаад байдаг. Технологийн салбараа ойлгодог хүн энэ салбарын хуулиа боловсруулах ёстой. Гэтэл технологийн салбарын хүмүүс маань хууль мэдэхгүй учраас салбарынхаа мэдээллийг л гаргаж өгдөг. Ийм байдлаар ажиллахаар нийцэхгүй байгаа юм. Гэтэл технологийн салбарын хүмүүс яагаад чадварлаг болж байна гэхээр онлайн, глобал орчинд чадвараа маш хурдан дээшлүүлж чаддаг. Үүнийгээ Монголынхоо зах зээлд хэрэглэх гэхээр хүний нөөцийн хувьд тогтворгүй байдал үүсээд байна. Учир нь бүгд чаддаг учраас бүгд хийгээд эхэлдэг. Зах зээл нь жижигхэн. Эргээд бизнес нь тэлэхгүй, унах, дампуурах эрсдэлд ордог. Технологийн салбарын хүний нөөцийн асуудал бол бие даасан салбар болоод байна.

Өнөөдөр технологийн салбарыг ойлгодог хүний нөөц байдаггүй. Технологийн салбарын мэргэжилтний зан харилцаа, бүтээмжийг үнэлж чадахгүй хүний нөөц тухайн мэргэжилтэнтэй хэрхэн ажиллах юм бэ? Тэр хүнээс ямар бүтээмж шаардах вэ? Компьютерийн ард 8 цаг суугаад тухайн хүнээс ямар бүтээмж бий болохыг тооцож чадахгүй учраас энэ салбарын хүний нөөцийн бодлого бие даасан шинэ ойлголт болоод байна.

Технологийн салбарын хүн хүний нөөцөөр мэргэших хэрэгцээ бий болсон. Үүнийг ч эрх зүйн хувьд төрөөс дэмжих шаардлагатай байна.
Тэгвэл өнөөдөр энэ салбарт технологийн боловсролтой хүн эрх зүй, хүний нөөцөөр бэлтгэгдэх хэрэгцээ байна гэж ойлголоо. Зөв үү?

- Зөв. Үндсэн мэргэжил нь технологийн салбараар суралцаж төгссөн хүнийг эрх зүй, хүний нөөцийн чиглэлээр бэлтгэх ёстой. Технологийн салбарт мэргэжилтэй эрх зүйч, хүний нөөцийн мэргэжилтэн зайлшгүй хэрэгтэй байна.

Технологийн мэргэжилтэй хүмүүс энэ 2 чиглэлээр хөрвөх чадвартай байдаг уу?

- Технологийн мэргэжилтэнүүд харьцангуй дасан зохицох, хөрвөх чадвар сайтай хүмүүс байдаг. Гэхдээ хууль тогтоогч болохдоо гол биш. Хууль тогтоох үйл явцад оролцох нь чухал юм. Ингэхдээ технологийн салбарын эрх зүйн мэргэжилтэй хүмүүсийг энэ салбарын хууль боловсруулах үйл явцад оролцуулаач ээ гэсэн санаа юм. Энэ зүйл орхигдоод байгаа учраас технологи нь технологио яриад, хуульчид нь эрх зүйгээ яриад явдаг. Эрх зүйн хэлээр технологийн салбарыг зохицуулаад байгаа нь зөрчил үүсгээд байгаа юм. Тиймээс технологийн салбарын хүмүүс хүний нөөц, эрх зүйн чиглэлээр хүмүүсээ бэлтгээ ч ээ. Энэ чигээрээ яваад байвал хүний нөөцийн асуудал 00 заалаа. Эрх зүйн байдал нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан нь цаашид үргэлжлэх гээд байна. Үүнээс болж бизнес чинь хөгжихгүй боллоо. Технологи бол байна. Яагаад гэвэл технологийн хөгжил биднээс маш хол явсан. Бид үүнийг яаж ойртуулах, монголчилох, суурьшуулах вэ гэхээр бүх зүйл нь хууль, дүрэм журмаар зөвшөөрөгдөнө.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд суралцаж, мэргэшсэн, бүтээл гаргаж байгаа олон мэргэжилтнүүд байна. Гэтэл тэд маань эх орондоо ажиллах, хөгжих боломж хязгаарлагдмал байдаг.

Мэдээллийн технологийн салбар, энэ салбарын бодлого тодорхойлдог байгууллага нь Монгол Улсад байдаг юм бол бодлогоо тодорхойлоод боломжоо нээж өгөөд хөгжүүлээд явах ёстой.

Та технологийн салбарын хүн. Таны зүгээс ярьж байгаа чиглэлдээ одоо юу хийх ёстой гэж боддог вэ? Та өөрөө яг юу хийж байна вэ?

- Миний хувьд энэ ярьж байгаа чиглэлээ барьж эрх зүйн мэргэжлээр суралцсан. Хүний нөөцийн чиглэлээр ажиллаж үзлээ. Технологийн салбарын эрх зүй, хүний нөөцийн бодлогыг судалж үзлээ. Эндээс салбарын алдаа, асуудал хаана байгааг ойлгосон. Өнөөдөр засах гарц байгаа учраас энэ чиглэлдээ ажиллаж явна.

Бид өнөөдөр хамгийн сайн технологийг хийж чадаж байна. Харин үүнийг нь дэмжихгүй, хуулиар дэмжиж, боломж олгохгүй байгаа нь технологийн салбар болон энэ салбарт ажиллаж байгаа бизнесийн хөгжихгүй байгаа гол шалтгаан болж байна. 

Ц.Соёлмаа

Зочин

Тэргүүн М.Эрдэнэжаргал