Ч.Ундрам: Цар тахал өндөр эрсдэлтэй байгаа учир явцын дунд төсвийн тодотгол хийхийг үгүйсгэхгүй
Улсын Их хурлын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны улсын төсөвт нь хориг тавилаа. Иргэд олон нийт ч энэ удаагийн төсвийг тодотгох хэрэгтэй, хямралын үеийн төсөв болж чадсангүй гэж байна. 2021 оны төсвийг батлахдаа цар тахлын эрсдэлийг тооцож тэвчиж болох зардалуудаа танаж чадсан уу?
Монгол Улсын 2021 оны төсвийг боловсруулахдаа "COVID-19"-ийг тооцоолж ирэх жилийн дэлхийн болон Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн түүхийн эдийн үнийн төлөв байдал зэргийг тооцоолж боловсруулсан. Төсвийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан хүний хувьд ирэх жилийн төсөвт хэд хэдэн давуу тал байгаа гэж үзэж байна.
- Эрүүл мэндийн салбарын реформ хийж эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эмийн чанар, хөнгөлөлттэй эм олгох системийг цахим технологи ашиглан сайжруулна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог зөв болгоно. Цар тахлын энэ хүнд үед, эрүүл мэндийн салбарын реформ хамгийн чухал.
- Боловсролын салбарын реформыг эхлүүлнэ. Үүний тулд манай улсад олон жил орхигдсон байсан Үнэлгээний системийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн институтээс оруулж ирнэ. Үнэлгээний үр дүнд суурилан бид ямар түвшинд аль чиглэлээрээ явж байгааг бодитоор харж түүнд үндэслэн сайжруулах асуудлууд, сайжруулах шаардлагатай сургууль, багш гээд бүгдийг бодитой харж болно. Боловсролын салбарт хийгдэх бас нэг чухал ажил нь байршлын судалгаа хийж орон нутгийн хүн ам зүйн төлөв байдалтай уялдуулан хөрөнгө оруулалтуудыг хийх юм. Эдгээр чухал ажил болон боловсролын тухай багц хуулийн шинэчлэл хийгдвэл бид тус салбарынхаа реформын суурийг тавих юм.
- Бид халамжийн орноос хөдөлмөрийн орон болох ёстой гэж зорьж байна.
Өнөөдрийн байдаар нийгэм халамжийн чиглэлээр зургаан хууль хэрэгжиж, үүний хүрээнд нийт 1.5 сая иргэдэд төрөөс зайлшгүй шаардлагатай нийгмийн халамжийн арга хэмжээ авдаг. Зарим айлын сарын халамжийн орлого хөдөлмөр эрхэлдэг дундаж цалинтай айлаас өндөр байна. Ийм үед хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүн багасч нийгэм маань залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болно. Тиймээс энэ бодлого руу чиглэнэ, халамжийг хэрэгтэй хүнд нь л хүргүүлнэ.
Эдгээр чухал зорилтуудаас гадна цар тахалтай холбоотой хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн өгөх, аж ахуйн нэгжийн зарим татварын хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэн олгох гээд арга хэмжээнүүд орсон байгаа. Төсвийн зардлыг шинжлэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулах хэрэгтэй. Өмнөх жилүүдтэй харьцуулбал шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын зардал харьцангуй бага байгаа учраас тодорхой хэмжээний дэвшилт гарсан гэж бодож байна.
Биднийг төсөв хэлэлцэх үед короновирусийг дотооддоо алдаагүй байсан, одоо яаралтай оноос өмнө халдварыг хумьж чадна гэж найдаж байна. Цар тахал маш өндөр эрсдэлтэй бөгөөд тодорхойгүй байдлыг авч ирж байгаа учраас нөхцөл байдлаас шалтгаалаад явцын дунд төсвийн тодотгол хийхийг үгүйсгэхгүй.
Нөгөө талдаа Ерөнхийлөгч 2021 оны төсөвт хориг тавьж өрх бүрд нэг сая төгрөг өгөх санаагаа хэрэгжүүлэх нь гэх хардлага байна л даа. Энэ нь хэр зөв шийдвэр юм бэ, манай улсад ийм хэмжээний мөнгө тараах боломж бий юү?
Төсөвт хүүхдийн мөнгө буюу хүүхэд бүрт сар бүр нэг зуун мянган төгрөг олгохоор тусгасан байгаа. Энэ нь нэг хүүхэдтэй айл бол жилд нэг сая хоёр зуун мянган төгрөг авна гэсэн үг. Монголд 900 мянга орчим өрх байдаг, түүний дийлэнх нь хүүхэдтэй гэр бүл. Тиймээс маш олон айл өрхөд хүүхдээр нь дамжуулж илүү их хэмжээний мөнгө өгнө. Айл өрхүүд цөөн, олон гээд ялгаатай өрхийн гишүүдтэй. Нэг сая төгрөг гурван гишүүнтэй айлд хүрэлцээтэй байхад найм, есөн гишүүнтэй айлд хүрэлцээ нь багасна.
Сөрөг хүчний зүгээс УИХ-ын чуулган дээр цар тахлын аюул нэг өдрийн дотор учраагүй болохыг хэлсэн. Нэг ёсондоо цар тахал алдах үед Засгийн газар бэлтгэл муутайгаас болж самгардаж, оновчтой бус шийдвэрүүд гаргалаа гэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
2020 оны гуравдугаар сард Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга коронавирусийн цар тахалтай тэмцэх стратеги төлөвлөгөө, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг тус тус баталсан. 2020 оны дөрөвдүгээр сард Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. Үүний хүчинд бид дотооддоо цар тахал алдалгүй 10 сар болж чадсан гэж үзэж байна. Мөн үүний хүчинд бид сая алдсан цар тахлын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авч байна. Дотооддоо цар тахал алдсан нөхцөл байдал, алдаа дутагдлаа ард нь гарсныхаа дараа судлан шинжилж болно. Одоо бол цар тахлаар улс төрийн оноо авах гэж шүүмжилдэг үе биш.
Цар тахлын нөхцөл байдал төмөр зам дагасан аймгуудад, тэр дундаа Сэлэнгэ аймагт тун хүнд байна. Аймгийн удирдлагуудын зүгээс хэрхэн ажиллаж байгаа бол. Тус аймгаас сонгогдсон гишүүний хувьд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
Сэлэнгэ аймгийн хувьд Алтанбулаг боомтоор ард иргэдээ эх оронд нь оруулах, улс орны шаардлагатай хүнсний болон ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг цар тахалтай хүнд хэцүү үед 10 сар гүйцэтгэсэн. Энэ хугацаандаа өөрийн нөөц бололцоогоо бүгдийг нь шавхаж их сайн ажилласан. Үүнийг нэгдүгээрт Монгол Улсын нийт ард иргэд бодож энэ их зүтгэлд нь сайшаалтай хандах хэрэгтэй. Одоо болтол УОК-оос авлагатай, санхүүгийн хувьд маш хүнд нөхцөл байдалд байна. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар 167 тохиолдол илэрсэн, хөл хорионы дэглэм тогтсон үргэлжилж байна. Түргэвчилсэн оношлуураар иргэдээ шинжилгээнд хамруулж байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэг 45 ор бүхий тасаг ажиллуулах бэлтгэл ажил хангагдсан. Аймгийн онцгой комисстой байнга харилцаа холбоотой ажиллаж байгаа. Шаардлагатай шийдвэр шийдлүүдийг УОК-той ярилцах, зөвлөлдөх, асуудал дэвшүүлэх зэрэгт идэвхтэй оролцож байна.
Мөн Чинбатын Ундрам хөгжлийн сан хэмээх байгуулагдаад зургаан жил болж байгаа сангаараа дамжуулаад Алтанбулаг, Сүхбаатар, Мандал сумын зорилтот 130 өрхөд хүнс, ариутгалын бодис, түлш зэргээр тусламж үзүүлж аймгийн хэмжээнд 17 сум зургаан тосгондоо 75.000 маск 25 литр ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис олгосон.
Мөн төрсөн өдрөөрөө найз нөхдөөсөө бэлгэнд хандив авч 10 гаруй сая төгрөг цуглуулаад байна. Үүнийгээ хүрч чадаагүй байгаа сумдын зорилтот өрхүүддээ чиглүүлэх бодолтой байна.
Сэлэнгэ аймагт самар түүхээр очоод хөл хорионд орсон маш олон иргэн байгаа. Тэдгээрийг хэрхэхээр байгаа вэ?
Энэ талаар Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос мэдээлэл аваад түрүү долоо хоногт УИХ-ын чуулган цахимаар зохион байгуулагдах үеэр УОК-ын дарга Я.Содбаатарт хэлсэн бөгөөд энэ долоо хоногт Хүдэр, Мандал, Ерөө сумын Бугант тосгонд самар түүх зорилгоор очсон иргэдэд тухайн бүс нутагт нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж буцаах ажлыг зохион байгуулаад байна. Мөн Улаанбаатар, Дархан-Уул аймагт гацсан Сэлэнгэ аймгийн харъяалалтай иргэдийг буцаах асуудал одоо зохион байгуулагдах гэж байна.
Сэлэнгэ аймагт болсон төмөр замын ажилчдын тэмцээнд ОХУ-ын төмөр замчдын төлөөлөл ирсэн гэх мэдээлэл байгаа. Энэ нь цар тахал алдахад хүргэсэн байх үндэслэлтэй юү? Та энэ талаар тодорхой мэдээлэл авсан уу?
Энэ талаар мэдээлэл байхгүй.
Цар тахалтай холбоотойгоор Ерөнхий боловсрол, Их, дээд сургуулийн хичээлүүд теле болон цахим байдлаар орж байна. Тэгвэл теле болон цахим байдлаар хичээллэхийн сөрөг тал нь юу байдаг вэ. Хүүхдүүдийн хичээл хоцрогдох, ойлгохгүй үлдэх, амьдралын шаардлагаар хичээл, сургалтдаа хамрагдаж чадахгүй байх зэрэг сөрөг тал гардаг уу?
Гэрт нь цахимаар хичээллэх орчин бүрдээгүй айл өрх олон байна. Сургалт харилцан идэвхтэй явагдаж байж илүү чанартай болдог. Теле хичээлийг үзэж байгаа хүүхэд багштайгаа шууд харилцах боломжгүй учраас ойлгоогүй зүйлээ багштайгаа утсаар холбогдож байж асууна. Мөн олон сургуулийн насны хүүхэдтэй айлууд нэг компъютерээ ээлжилж хэрэглэх шаардлага гарч байна. Гэх мэтчилэн олон сөрөг тал гарч байгаатай холбоотой Засгийн газар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.
БШУЯ-наас ECONTENT гэдэг аппликейшн гаргасан байна лээ. Мөн econtent.edu.mn сайтаар дамжуулж теле хичээлүүдээ хүүхдүүд нөхөж үзэх боломжтой. Гэхдээ бүх хүүхдийг интернет орчинд хичээлээ үзэх боломжоор хангахаас нааш цар тахлын үеийн энэ асуудал бүрэн шийдлээ олохгүй.
Нөгөө талаас эцэг эхчүүд илүү хариуцлагатай байж, хүүхдүүдээ теле хичээлд нь хамруулж, хичээлийг нь хийлгэх хэрэгтэй. Манай улсад бүх зүйлд төр буруутай, төр хариуцлагагүй байна гэдэг хандлагад хэт туйлширч байна. Иргэний үүрэг юу вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Иргэний үүргээ биелүүлээд хөдөлмөр эрхлээд, татвар төлөөд, гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээгээд, үр хүүхдэдээ зөв анхаарал тавиад явж байгаа олон хүн байгаа ч энэ үүргээ хэсэгчлэн болон огт биелүүлэхгүй байгаа олон хүн байна.
Сэтгүүлч: О.Ариунцэцэг