Хөгжлийн бодлогын асуудлаар аймгуудын удирдлагатай цахим хурал хийлээ
2020.12.08

Хөгжлийн бодлогын асуудлаар аймгуудын удирдлагатай цахим хурал хийлээ

Төрийн бодлого хөгжилд чиглэсэн, төлөвлөлтөд суурилсан, үр дүнтэй хэрэгждэг байх учиртай.

Цаасан дээр бичигдэж, хууль болж батлагдсан хэрнээ амьдрал дээр амь тавиад байж таарахгүй.

Тийм ч учраас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийн хувьд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хамт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахимаар хуралдлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсан. Уг хуулиар үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлж, хөгжлийн бодлого төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт тавих оновчтой тогтолцоог бүрдүүлэхээр заасан.

Цахим хуралдаанаар баримт бичиг боловсруулахад анхаарах асуудлууд, оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлага зэргийн талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хөгжлийн бодлогыг эхнээс нь зөв төлөвлөж, ягштал хэрэгжүүлж, түүнийг хариуцах эзэн хаяг, үнэлэлт дүгнэлт өгөх шалгуур аргачлалтай байлгах нь МОРДОХЫН ХАЗГАЙ болохоос сэргийлнэ гэж үзэж байна.