Цахимаар холбогдон оролцож байгаа орон нутгийн удирдлагуудын саналыг сонслоо
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчдийн саналыг сонсож, төсөлд тусгах зорилготой цахим хэлэлцүүлгийг өчигдөр Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хорооноос зохион байгуулав.
Улсын Их Хурлын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим онцлох зүйлүүдийг танилцуулсны дараа хэлэлцүүлэгт цахимаар холбогдон оролцож байгаа орон нутгийн удирдлагуудын саналыг сонссон юм.
Өвөрхангай, Сүхбаатар, Архангай, Завхан, Орхон, Улаанбаатар, Увс, Говь-Алтай, Ховд, Дорнод, Говьсүмбэр, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь зэрэг 18 аймгийн удирдлага хуулийн төсөлд санал хэлэхийн зэрэгцээ асуулт асуув. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцсон Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Ганболд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Оролцогчдын санал, асуултад Улсын Их Хурлын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар болон Дэд ажлын хэсгийн ахлагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Ганзориг нар дэлгэрэнгүй хариулсан юм.
Цахим хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг орон нутгийн суурь хууль, бага Үндсэн хууль гэж нэрлэдэг. Энэ хуулийг дагаж 300 орчим хуульд өөрчлөлт орно. Маш чамбай хууль бид гаргах хэрэгтэй хэмээн онцлов.