С.Бямбацогт: Энэ хуулийг дагаад 300 шахам хууль их, бага хэмжээгээр дагаж өөрчлөгдөнө
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
С.Бямбацогт: Энэ хуулийг дагаад 300 шахам хууль их бага хэмжээгээр дагаж өөрчлөгдөх учраас маш чамбай хандах учиртай.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт Үндсэн хуульд орсон. Иймээс Үндсэн хуульд нийцүүлж нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар та нэр бүхий гишүүдийн хамт өргөн барьсан. Хуулийн гол өөрчлөлт, ач холбогдол нь юу вэ?
Бид одоогоос жил гаруйн өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн энэ шинэтгэлийн нэг гол амин сүнс нь орон нутгийн бие даасан хөгжлийг хангах явдал байсан шүү дээ.
Манайх улс төрийн байгууллагын хувьд нэгдмэл улс, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тогтолцоог илүү зохистой болгож байж бид олон жил ярьсан төвлөрлийг сааруулж чадна. Хот хөдөөгийн ялгааг арилгах асуудал чухам эндээс эхлэх учиртай.
Нутгийн захиргааг, нутгийн удирдлагыг бэхжүүлэхгүйгээр хөгжлийн тухай ярих нь утгагүй. Айлаар бол өнөөдөр ихэнх аймаг орон нутаг маань биеэ дааж тусдаа гарч чадахгүй аав ээжийнхээ гарыг харсан айлын эрх хүүхдүүд шиг болчихоод байна. Аргагүй шүү дээ. Тэдэнд эрх мэдлийг нь, тэр дундаа өмчийн, эдийн засгийн эрх мэдлийг нь, зарим орлогоо өөрөө захиран зарцуулах боломжийг нь олгохгүй бүхнийг дээрээс шийдээд байсны уршгаар Монгол Улс жигд хөгжиж чадахгүй байна. Энэ асуудал нийслэлд хэт төвлөрөл, агаар хөрсний бохирдол, түгжрэл, сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжгүй байдлаар илэрч байгаа бол хөдөөд ажилгүйдэл, ядуурал, эзэнгүйдэл болж хувирч байна. Тиймээс нутгийн өөрөө удирдах байгууллагын орлогоо өөрөө бүрдүүлэх, төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг тодорхой болгож, өргөжүүлэхэд энэ хуулийн бас нэг гол зорилго чиглэгдэж байгаа гэж хэлж болно.
Хуулийн төсөлд сумдыг цөөлж, нэгтгэх, зарим аймгийн төвийг хот болгох зэрэг өөрчлөлтүүд орж байгаа шүү дээ. Сумдыг нэгтгэлээ гэхэд татан буугдаж буй сумын иргэдийн үл хөдлөх хөрөнгийн асуудлыг яах вэ, нөхөн олговор өгөх юм уу. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?
Аймаг сум, дүүргийг өөрчлөх асуудлыг тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил, эдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан, тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан. Өөрөөp хэлбэл аймаг, сум, дүүргийг нэгтгэх, эсхүл хуваах асуудлыг Засгийн газар санаачилна. Ингэхдээ тэнд амьдарч байгаа иргэдийнхээ саналыг сонсоно гэсэн үг. Өнөөдөр хоорондоо 30-хан км зайтай, эсхүл аймгийн төвийнхөө яг хаяаr бараадсан жижигхэн сумд цөөнгүй бий,
Элгэнд наалдсан дэлүү шиг энэ байдлаас болоод сум нь хөгждөггүй, иргэд нь төрийн үйлчилгээг төгс гүйцэд авч чаддаггүй, төсвийн урсгал зардал ихтэй, газар нутгийн маргаан гаарсан үзэгдэл захаас аван замаар дүүрэн байна. Ийм асуудлыг иргэд нь, төр нь мэдээд байгаа хэрнээ шийдэхгүй байгаад байж таарахгүй.
Тиймээс хуулиар шийдвэрлэх боломжийг нь олгох ёстой. Дархан, Эрдэнэтээ улсын зэрэглэлтэй хот болгох, бусад аймгийн тов, томоохон суурин газрыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх эрх зүйн боломжийг бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нээсэн. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар энэ асуудлыг илүү дэлгэрүүлж тодорхой зохицуулж өгөх нь зүйтэй. Мэдээж хэрэг сумдыг нэгтгэлээ гэхэд тэнд байгаа иргэдийн болон төр, хувийн хэвшлийн өмчийг яах вэ, иргэд аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний нөхөн олговор, нүүлгэн шилжүүлэх зардал олгох уу гэдэг тухайн асуудлыг шийдвэрлэх үед холбогдох хууль журмаар шийдэж л таарна. Талаар нэг тарсан оотны нүх шиг жижигхэн сумд орон нутгийн өөрөө бие даан хөгжих чадавхыг нь боомилж байна шүү дээ. Гэхдээ хүчээр нэгтгэх, асуудлыг хүч түрж шийдэх явдлыг хуулиар хориглож байгаа. Нэг талаас иргэдийн санал, нөгөө талаас Засгийн газрын санаачилгын огтлолцол дээр энэ асуудал шийдэгдэнэ.
Сум дүүрэг болон баг хороо нь статусын хувьд ижил. Гэхдээ хүн ам, түүнд ногдох төрийн үйлчилгээ болон нэг төрийн ажилтанд ногдох ачааллын хувьд их ялгамжтай шүү дээ. Үүнийг хуулиар яаж зохицуулж байгаа вэ?
Яг зөв асуудал. Сум, дүүрэг, баг, хороо тус тусдаа ямар чиг үүрэгтэй байх юм, төрийн ямар үйлчилгээг ямар хүчин чадлаар иргэдэд үзүүлэх юм гэдэг асуудлыг хуулинд ялгамжтай байдлаар зохицуулж өгч байгаа. Зарим төрлийн татварын хувь хэмжээг орон нутаг өөрөө тогтоож захиран зарцуулах эрхийг нь олгож байна. 300 мянган хүнтэй дүүрэг, гурван мянган хүнтэй сум хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Ажлын ачаалал, тэнд шийдэх асуудлын мөн чанар ч тэс өөр. Анхны хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй маш олон саналаар санал хураасан. Аль болох хийдэл дутагдалгүй чамбайхан хууль гаргахыг чухалчилж л байна. Ийм ч учраас хуулийн төсөлд иргэд болон аймаг Нийслэлийн удирдлага, Засаг дарга, ИТХ-ын дарга нарын саналыг цахимаар болон бичгээр авч байна.
Энэ хуулиар орон нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргах боломжтой гэж та бүхэн тайлбарласан. Тэр нь ямар заалт вэ, яаж хөгжлийг шинэ шатанд гаргах юм бэ?
Би дахиад хэлье. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль орон нутаг нь өмчийг эзэмших, захиран зарцуулах, орлого олох, татвар ногдуулах, эдийн засгийн хувьд чадавхтай байх тэр боломжийг бүрэн олгоно.
Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, асуудлыг шийдэх эрх хэмжээг олгох нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилгын нэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар төвлөрлийг сааруулна гэж үзэж байна.
Нутгийн захиргааг жинхэнэ утгаар нь бэхжүүлж, нутгийн еерее удирдах байгууллагын төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг өргөжүүлж байгаа болохоор орон нутгийн хөгжил шинэ шатанд гарна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Төсөв мөнгө, бусад байдлаар нь аймаг нийслэл, орон нутгийнхаа хөл гарыг нь хумьж тушчихаад хөгж гээд ташуурдаад байж болохгүй нь гэдгийг бид өнгөрсөн 30 жилийн сургамжаас олж авсан. Эрхийг нь өгч байгаа шигээ үүргийг нь үүрүүлж, АЛСЫН ХАРАА-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гээд хөгжлийн бодлого төлөвлөлтийг тухайн нэгждээ зүй зохистой хэрэгжүүлэх шаардлага тавьж шахаад ирэхээр байдал өөрчлөгдөнө гэж харж байна.
Энэхүү хуулийг намрын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр байсан ч хойшлуулсан. Мөн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд байсан мөн л хойшлуулсан. Ийнхүү хойшлуулсан шалтгаан нь юу юм бэ?
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэсэн чинь орон нутгийн сонгууль болох гэж байхад энэ хуулийг батлах гэлээ гэсэн улстөржсөн хийрхэл хардлага яваад байсан учраас хойшлуулсан. Намрын чуулганы эхэнд хэлэлцэх байсан ч иргэд олон нийтийн мөн аймаг нийслэл, сум дүүрэг, баг хороо гээд яг тухайн нэгж дээрээ ажиллаж байгаа хүмүүсийн уг саналыг авах ёстой асуудалд долоо хэмжиж нэг огтлох байдлаар чамбай няхуур хандах ёстой гэж үзсэн учраас өнөөдрийг хүрсэн. Ер нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Бага Үндсэн хууль ч гэдэг.
Энэ хуулийг дагаад 300 шахам хууль их бага хэмжээгээр дагаж өөрчлөгдөх учраас хөнгөн хуумгай хандаж угаасаа таарахгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудалд ээлж енгөрөөх жижүүрийн байдлаар хандаж ердөөсөө ч болохгүй.
Жижигхэн асуудал, жижигхэн заалт гэж энд нэг ч байхгүй. Тухайлбал, би өчигдөр төслийн 14 дүгээр зүйлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэрийг төрийн албан ёсны хэлээр нэрлэж, хаягийг Монгол хэлээр нэрлэх агуулга бүхий 14,3 дахь заалтыг нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүд дэмжсэн. Тэгэхгүй бол уул ус, нуур гол, булаг шандыг харь хэлээр нэрлэх, тэр нь бүр хэзээнээс тэгж нэрлэж байсан юм шиг буруу хэвших гажуудал гарч байна. Ийм байж яавч болохгүй.
Эрдэнэсийн сангийн тухай хуульд 20 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барилаа. Нэмэлт, өөрчлөлтөөр гол ямар зохицуулалтууд орж байгаа вэ?
Бүхэл бүтэн улс оронд битгий хэл жирийн нэг айл өрхөд хүртэл үнэ цэнэтэй, дурсгалтай, нандин зүйл гэж байдаг даа. Тэгвэл энэ хууль Монгол гэдэг айлын эрдэнэсийн сантай холбоотой бүхий л харилцааг илүү оновчтой, тодорхой болгож байгаа юм. Хууль тодорхойгүй, ойлгомжгүй бүрхэг байх тусам алдаа хийдэл гардаг. Хуулийн цоорхойг ашиглаж хулгай луйвар хийх үйлдэл ч гаардаг, Эрдэнэсийн сангийн тухай хууль ийм цоорхойтой байж болохгүй. Ийм цоорхойтой байвал Монгол Улсын хамаг эрдэнэс түүгээр гоожоод дуусна. Зарим музей, сүм хийдийн үнэ цэнэтэй үзмэр, дурсгал дуураймал, хуулбар зүйлээр солигдчихлоо, холигдчихлоо гэдэг шиг бусармаг явдал давтагдаж мэднэ.
Тэгэхээр энэ хууль маань юун түрүүнд эрдэнэсийн эх нөөцийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм. Төрийн Эрдэнэсийн санг эрхлэх, бүрдүүлэх, хамгаалах, арвижуулах харилцааг зохицуулж байгаа юм. Хуулиар Эрдэнэсийн сан нь үндсэн болон гүйлгээ санд хуваагдана. Үндсэн сан нь байнгын болон байнгын бус хэсгээс бүрдэнэ. Байнгын хэсэгт нь худалдах, шилжүүлэх, захиран зарцуулахыг хориглосон Монгол Улсын хуваагдашгүй өмч болох Эрдэнэс орно.
Өөрөөр хэлбэл, байнгын хэсэгт түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийг оруулж байгаа юм. Урьд нь Эрдэнэсийн сангийн хуульд түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлс гэсэн заалт байгаагүй. Ийм заалт байхгүйгээс болоод Эрдэнэсийн сандаа түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлс авч чаддаггүй байсан. Үүнээс болоод түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлс хулгайн замаар хил давах, гадны иргэдийн гарт орох үзэгдэл гарч байсан. Ганцхан жишээ хэлэхэд Занабазарын урласан Ногоон дарь эх бурхан гадаадад хулгайн замаар гарч дуудлага худалдаагаар гадны иргэнд зарагдсан тухай мэдээлэл байдаг. Монгол Улс маань өргөн уудам, маш их баялагтай. Жилээс жилд үнэт металлын төрөл, хосгүй үнэт дурсгалын төрөл зүйл нэмэгдэж байна. Маш их үнэт олдвор олддог. Түүнийг олсон хүн яах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Улс хураагаад авчихдаг юм гэнэ лээ гэсэн явган ярианы улмаас олсон зүйлээ нуудаг, дардаг, нууцаар зардаг борлуулдаг, тэр нь гадагшаа гардаг. Хуулийн зохицуулалт тодорхой биш байсны улмаас нуувар зөөврөөр гадаад руу гаргадаг, зардаг асуудал гардаг. Тэгвэл эрдэнийн чулууг, үнэт чулуу, түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг эрдэнэсийн сан яаж үнэлж авах юм, ямар байдлаар хадгалах юм, иргэн хуулийн этгээд Эрдэнэсийн сантай хэрхэн харилцах вэ гэдгийг энэ хуулиар тодруулж өгч байгаа юм.
Энэ харилцаа, энэ зохицуулалт ил тод, зөв тодорхой болсноор эрдэнэс гадагшаа нуураар урсах хулгайн замыг хааж өгч байгаа юм.
Эрдэнэсийн сангийн зарим эрдэнэс, үнэт зүйл, үзмэрээ эдийн засгийн болоод эрдэм шинжилгээ судалгааны эргэлт оруулах гээд олон чухал асуудал бас байна. Түүнийг зохицуулж өгсөн. Мөн хэлэлцүүлгийн явцад Эрдэнэсийн сангаас хулгай хийвэл тухайн этгээдэд оногдуулах ял шийтгэлийг илүү чангатгах нь зүйт гэдэгт гишүүд санал нэгдээд байна. Товчхондоо бол Эрдэнэсийн сангийн хууль бол Монгол Улсын эрдэнэсийг хамгаалах, хадгалж авч үлдэх гэж ойлгож болно.
2021 оны төсвийн та хэрхэн дүгнэж байгаа аж. Цаг үедээ нийцсэн төсөв болж чадав уу?
Цаг хугацаа тулсан байсан учраас тийм ч чамбай төсөв баталж чадсангүй. Цар тахлын халдварыг дотоодод алдсан гэнэтийн нөхцөл байдал, эдийн засагт учирч буй эрсдэл ирэх оны төсвийг он гарангуут дахин авч үзэх бодит шаардлагыг бий болгож байна. Хатуу хөл хорионы үед Монгол Улс багаар бодоход өдөрт 60 тэрбум төгрөг алдаж байна шүү дээ. Оны эхний гурван улирлын байдлаар эдийн засгийн уналт хасах 7 хувьд хүрлээ. Цар тахлаас үүдэлтэй энэ давтагдашгүй эрсдэлийг гарз багатай даван туулах төсвийн сахилга батыг эрс сайжруулах, аливаа үрэлгэн зардлыг бүрмөсөн таслан зогсоож төсвийн орлого нэмэгдүүлэх боломж гарц бүрийг эрэлхийлэх сорилт бид бүгдийн өмнө тулгарч байна даа.
Сэтгүүлч: Р.Хишигжаргал