2020.12.22

Худалдааг хурдасгахгүйгээр хөгжил хурдлахгүй

Шинэхэн парламент бүрдэж, түшээд тангарагаа өргөөд хагас жилийн нүүрийг үзэх гэж байна. УИХ-аас Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах үед Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хандан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ,

“...Эдийн засаг, экспорт руу анхаарна гэж та үгэндээ хэлсэн ч Засгийн газрын бүрэлдэхүүн, бүтэц дээрээ соёлын яамыг шинээр байгуулсан ч худалдааны яам ч үгүй, агентлаг ч үгүй байхаар тооцож хуучнаар ХХААХҮЯ-нд нэг мэргэжилтний нуруун дээр үүрүүлэхээр оруулж иржээ. Эдийн засгийг дэмжинэ, экспортод анхаарна гэдэг бол худалдааг дэмжих, хөнгөвчлөх явдал. Өнөөдөр Монгол Улсаас БНХАУ, ОХУ-руу бараа бүтээгдэхүүнийг экспортлоход 40 хувийн татвартай, харин Монгол руу орж ирэхдээ 15,5 хувийн татвартай байдаг. Эелдэгээр хэлбэл биднийг худалдааны “хоригт оруулчихсан” байна. Үүн дээр дахиад ирэх 4 жилд анхаараарай.” гэж байсныг өнөөдөр сануулъя.

Үүнээс хойш ч тэрээр худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааг дэмжих чиглэлээр өөрийн саналуудыг чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр илэрхийлж, тодорхой санал, ажлууд дээр анхааран ажилласаар ирсэн.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад хандан УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд “Гадаад худалдааны бодлого, зохицуулалт”-ын талаар асуулга тавьсан юм. Түүний энэхүү асуулгын хариуг баасан гараг буюу 2020.12.25-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож, хэлэлцэхээр товложээ.

Түүний асуулгад, “Монгол улсын хөгжилд нөлөөлөгч олон хүчин зүйлсийн дотроос гадаад худалдаа, түүний бодлого, зохицуулалт, томоохон байр суурийг эзэлж ирсэн. Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлж, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг өсгөхөд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжиж, иргэдийн орлого, ажлын байрыг өсгөхөд гадаад худалдааны үүрэг оршино. Тиймээс “Монгол экспорт” болон “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, гадаад худалдааны бодлогын хэрэгслийг тодорхойлогч худалдааны гэрээ, хэлэлцээрийн ач холбогдол, хамгаалалтын хэмжүүр зэрэг үзүүлэлтүүд сүүлийн 10 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн, шинээр байгуулахаар судалж буй болон санал солилцсон Хөнгөлөлтийн ерөнхий систем, Чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн явц ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн юм.

Монгол Улс 2020 оны эхний улиралд гадаадын 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.0 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар болжээ. Бараа эргэлт өмнөх оныхоос 860.1 сая ам.доллароор, үүнээс экспорт 735.9 сая ам.доллароор, импорт 124.2 сая ам.доллароор тус тус буурчээ.

ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ ЭРГЭЛТ 2020-11 сар

2020 онд Монгол Улсын гадаад худалдааны бодлого, зохицуулалтын хүрээнд хийгдсэн ажлуудыг тоймлон танилцуулья.

2020.01, 02 дугаар сар

Английн Олон Улсын Худалдааны Яамнаас зохион байгуулсан EECAN Roadshow арга хэмжээнд оролцов. Англи улс экспортоо дэмжихийн тулд Зүүн Европ, төв Азийн бизнесүүдийг урин мэдээлэлжүүлж, холбохын тулд уг арга хэмжээг зохион байгуулжээ.

2020.07 дугаар сар

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилогдон, Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах үед УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гадаад худалдааны асуудалд онцгой анхаарахыг захиж, худалдааны асуудлыг хариуцсан яам, агентлаг байгуулаагүйг буруушааж байв.

2020.10 дугаар сар

Монгол Улсын Ерөнхий сайдаас “Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар” асуулга тавив.

2020.11 дүгээр сар

УИХ-ын дэргэдэх “Парламент судалгааны хүрээлэн”-д Улс орнуудын худалдааны байгууллагуудын харьяалал, бодлого, түүгээр дамжуулан дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн дэмжиж буй талаарх судалгаа хийгдэв.