Узбекистаны худалдааны төвийг Монголд байгуулснаар талуудын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ
2024.08.20

Узбекистаны худалдааны төвийг Монголд байгуулснаар талуудын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ

Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад суугаа (Бээжин хотноо суух) Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиевыг өнөөдөр (2024.08.20) хүлээн авч уулзлаа.

Өнгөрөгч зургадугаар сард тус улсад төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд үзэглэсэн баримт бичгүүд, яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгохоор талууд шуурхай ажиллаж байгаа бөгөөд миний бие Шадар сайдын хувьд Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд талууд харилцан тохиролцсоны дагуу Узбекистаны худалдааны төвийг Монголд байгуулахаар “Шинэ Зуунмод” хотын орчимд газрын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ бүс нутагт Узбекистаны худалдааны төвийг байгуулснаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бодитоор нэмэгдэнэ.

Монгол Улс төв Азийн бүс нутагт эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хамтрагч болох Узбекистан улстай Агаарын болон Газрын тээврийн харилцааны хэлэлцээрийг байгуулсан бөгөөд Газрын тээврийн маршрутаа Ташкент-Иркемшет-Үрэмч-Булган чиглэлээр баталгаажуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Узбекүүд махны хэрэглээ ихтэй учраас Халал аргаар бэлтгэсэн хонины мах болон амьд хонь импортлох боломжтой гэдгээ илэрхийлснээс гадна хөдөө аж ахуй, газар тариалан, фермерүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тусгайлсан ажлын хэсгүүд ажиллаж байгааг хэлж байна.