Шинэ хөгжил- Хамтын боломж
2023.09.07

Шинэ хөгжил- Хамтын боломж

Урд хөршид болж буй МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО-IV арга хэмжээнд ийм сэдвээр илтгэл тавилаа.

Монголчууд бид их далайн хөвөөнд буй атлаа түүнийг гатлах завьгүй мэт гар мухар сууж болохгүй. Тиймээс урд хойд хөрш, Ази Европтой хөгжлийн судас болсон зам тээврийн дэд бүтцийн олон сэжүүрээр холбогдох, түүний тулд хөрөнгө оруулагч нартай харилцан ашигтай хамтран ажиллах нь нэн чухал.

Энэ ч үүднээс ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр нэгэнт төлөвлөсөн төмөр зам болон авто замын томоохон төслүүдээ нээлттэй танилцуулж, салбартаа шинэ техник технологи, шилдэг инновац нввтрүүлэх талаар санал солилцлоо.

Энэ удаагийн арга хэмжээнд БНХАУ-ын Ардын Их Хурлын дэд дарга, ӨМӨЗО-ны дарга болон БНХАУ-ын Худалдааны сайд тэргүүтэй олон хүндтэй зочид хүрэлцэн иржээ.

Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг 2027 он гэхэд 20 тэрбум ам.долларт хүргэх өндөр зорилтыг дэвшүүлсэн.

Энэ зорилтод хүрэхэд Зам, тээврийн салбар гүүр нь болох учиртай.
Дашрамд сонирхуулахад хоёр улсын хоорондын худалдааны эргэлт 2022 онд 13,6 тэрбум ам.долларт хүрсэн бол 2023 оны эхний 7 сарын байдлаар 10 тэрбум ам.долларт хүрч тогтвортой өсөн нэмэгдсээр байна.

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ЦАГАРИГ” хөтөлбөрийн хүрээнд бид урд хойд хөрштэй ТӨМӨР ЗАМЫН 5 ГАРЦ -аар холбогдох болон Орос Хятад Ази Европыг холбосон АВТО ЗАМЫН 5 КОРИДОР-той болохыг эрмэлзэж байна.

Хятадууд хүчтэй салхи үлээхэд зарим хүмүүс хана босгож, зарим нь салхин тээрэм барьдаг хэмээн хэлэлцдэг. Тэгвэл бид ч бас тэднээс дутахгүйн тулд илүү их хичээх ёстой бус уу.