Б.Бат-Эрдэнэ: Нэг хүн 20-30 ломбард ажиллуулж олон хүний эд хөрөнгө сүйдэж байна
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа
-ШӨХТГ-ын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байдаг. Танай байгууллага хуулиар олгогдсон ямар эрх, үүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?
-Манайх Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль гэх мэт найман хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж ажилладаг. Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах буюу монополийн эсрэг, шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгч буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд гол үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байна.
-Саяхан ломбардуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхдээ ХЭҮК болон цагдаагийн байгууллагыг татан оролцуулсан байсан. Яагаад ингэж хүч нэмэгдүүлэх болсон бэ?
-Бид ломбардуудад 8 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Хуулийг сануулж, гаргаж байгаа алдаа дутагдлыг нь арилгуулах тал дээр зөвлөмж өгч ажиллалаа. Ломбардын эзэн ажлаа даатгаад орхидог. Гэтэл өдөр тутмынхаа ажлыг гардан гүйцэтгэдэг ажилтнууд нь хуулиа мэддэггүй, санхүүгийн мэдлэггүй байх нь элбэг учраас иргэдийн бараа, таваарын үнэлгээ хийхдээ алдаа гаргадаг, гэрээ байгуулах ажилтнууд нь эрх зүйн мэдлэггүй байдаг ийм асуудал элбэг гарч байна. Ломбардууд санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг ч банк болон банк бус санхүүгийн байгууллага шиг албан ёсны зөвшөөрөл авдаггүй. Ломбардын өөрийн хөрөнгийн хэмжээ нь ч бага дүнтэй.
Тухайлбал, нэг банк бус санхүүгийн байгууллагын хэмжээний мөнгөтэй хүн 10-20 ломбард байгуулах бүрэн боломжтой. Ийм байдлаас болоод нэг мөнгөтэй хүн 20-30 ломбардыг зэрэг ажиллуулж байна. Хэдийгээр ломбард өөрийн гэсэн дүрэмтэй, журамтай, Иргэний хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ч энэ нь нэг хүний эрх мэдлээр маш олон хүний эд хөрөнгө сүйдэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.
Шалгалтын хүрээнд бид нэг байршлаас 20 ломбардыг зэрэг шалгах боломжтой ч яг шалгалт хийгээд явахаар эдгээр газрууд нэг нэгэндээ хэл дуулгаад, биднийг шалгахаас өмнө бусад нь хаалгаа бариад яваад өгдөг дүр зураг гарч байна.
Мөн өмнө хийсэн хяналт шалгалтын явцын судалгаанаас харахад өөр өөр нэрээр үйл ажиллагаа явуулдаг нэг эзэнтэй ломбардууд маш олон болж, хэрэглэгчийг хохироогоод байгаа учраас шалгалтын бүрэлдэхүүнд ХЭҮК, ЦЕГ-ыг татан оролцуулахаас өөр аргагүй болсон. Нэг үгээр хэлбэл, ломбард тойрсон бүлэглэл бий болсон байна гэсэн үг.
-Зөрчилтэй ломбардуудад ШӨХТГ ямар хариуцлага тооцох боломжтой вэ?
-Хяналт шалгалтад хамрагдсан нийт ломбардын 36,8 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Гаднаа ломбард гээд хаяг тавьчихсан, журам бичээд захирал нь гарын үсэг зураад тамга дараад тавьчихдаг. Нарийн шалгаад, бичиг баримттай нь танилцахаар зөвшөөрөлгүй байх жишээтэй. Түүнчлэн бусдаас барьцаалан авч байгаа эд хөрөнгийг хадгалах стандартын савгүй, эд хөрөнгийн зургийг авдаггүй ийм тохиолдол элбэг байна. Тиймээс ломбардад байгаа эд хөрөнгө солигдох, сэвтэж гэмтэх магадлал өндөр гээд их олон асуудлууд гарч байгаа юм.
Ломбардад анх тавигдаж байгаа эд хөрөнгийг эзэн нь сарын дараа авлаа гэхэд чанарын зөрүүгүй, элэгдэж хорогдсон байх ёсгүй. Тиймээс барьцаанд авч байгаа эд хөрөнгийн зургийг заавал авах ёстой. Хэрвээ үүнийг зөрчсөн бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу 20 сая хүртэл төгрөгийн торгууль төлөх юм. Иргэд үүнийг мэддэггүй учраас барьцаанд тавьж байгаа хөрөнгийнхөө чанарын баталгааг ч ломбардын эздээс шаардаж мэдэхгүй байна. Хяналт шалгалтад хамрагдсан 20 гаруй ломбардаас бүгдээс нь 20 сая төгрөгийн торгууль төлөх хэмжээний зөрчил илэрсэн. Зөрчилгүй ломбард гэж алга. Цагдаагийн байгууллага бол эдгээр ломбардыг шууд хаах хүртэл арга хэмжээ авахыг санал болгож байна. Цагдаагийн байгууллагатай зөвшилцөөд зөвшөөрөлгүй ломбардуудыг бид газар дээр нь шууд хаахаар төлөвлөж байгаа.
-20 сая төгрөгөөр торгуулсан газрууд зөрчлөө арилгасан тохиолдолд үйл ажиллагаагаа дахин үргэлжлүүлэх боломж нээгдэх үү?
-Торгуулиа төлсөн газрууд хугацаат үүрэг даалгаврын хүрээнд зөрчлөө арилгаж, алдаагаа зассаны үндсэн дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно. Харин үйл ажиллагаагаа хаалгасан газрууд ломбардны үйл ажиллагаагаа дахин явуулахын тулд хаанаас ямар зөвшөөрөл авдаг, ямар стандарт мөрдөх, бичиг баримт хэрхэн бүрдүүлэх ёстой тэр дагуу шинээр үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэсэн үг.
-Ломбардууд тусгай зөвшөөрөл шаарддаггүй гэж ярьсан. Тэгвэл энэ ломбардуудад хаанаас, ямар албан тушаалтан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог юм бэ? Тусгай зөвшөөрөл шаарддаг болгох боломжтой юу?
-Ломбардууд дүүргээс шууд зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Ломбардад хяналт тавьж, хэрэглэгчийн эрхийн хамгаалах гомдол дээр шийдвэр гаргаж байгаа газар манайхаас өөр алга. Тусгай зөвшөөрөлтэй болгоё гэхэд төрийн хүнд суртал нэмэгдлээ, зөвшөөрөл гаргахын тулд дахиад авилга авдаг систем руу орох болчихлоо гэх асуудлууд яригдаад эхэлнэ. Цаашдаа Ломбардын асуудлыг Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол банк, Санхүүгийн зөвшилцөх хороотой зөвшилцөх ёстой. Хяналт шалгалтын дүнг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, ХЗДХ яам руу явуулна.
-Зарагдсан барааг буцаахгүй гэсэн бичгийг аж ахуй нэгж, хувь хүмүүст хүргүүлсэн. Энэ ажлын үр дүн ямар байна вэ?
-Эхлээд бид зөвлөмж хүргүүлсэн, 21 хоногийн дараа шаардлага хүргүүлсэн боловч аваагүй. Тиймээс бид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу 5 сая хүртэл төгрөгөөр торгоно гэнгүүт бүгд авчихаж байгаа юм. Томоохон дэлгүүрүүд бүгд авсан байна. Захаас бусад нь авчихсан байгаа гэж ойлгож болно. Хяналт шалгалтыг өдөр тутам явуулах боломжгүй учраас баримт нотолгоотой, зураг хөрөгтэй гомдол ирвэл тухайн худалдааны байгууллага, хувь хүнд шууд торгуулийн арга хэмжээ авна.
Зөвлөж, туслаад хууль сануулаад явахаар тоодоггүй, торгоно, хаана, хорино гэхээр л анхаарал хандуулдаг буруу хандлага тогтчихсон байна. “Зарагдсан барааг буцаахгүй байх тухай хууль” гаргаж байгаа юм уу гэж олон хүн асуусан. Зарагдсан барааг буцаахгүй байж угаасаа болохгүй. Бичиг гаргаж тавьсан нь л хууль зөрчсөн үйлдэл. Хүмүүс хуулиа мэдэхгүйгээс ийм хэмжээнд л хүлээн авч байна шүү дээ. Хууль, дүрэм журам гэж юу байдаг вэ гэдгийг мэдрүүлэх ёстой.
-Төрийн албаны тусгай дугааруудыг үнэгүй болгох саналыг Засгийн газарт хүргүүлчихлээ. Ямар тооцоо судалгаан дээр үндэслэв?
-ШӨХТГ-ын тусгай дугаарыг хасаад нийтдээ 32 төрийн байгууллагын тусгай дугаар байна. Манай байгууллага 1284-тэй тусгай дугаартай байсныг устгаж, 115 дугаартай төлбөргүй дугаарт дуудлага мэдээлэл авч байгаа.
Авто тээврийн үндэсний төв минут тутамдаа 450-500 төгрөгөөр ярьдаг тусгай дугаар ажиллуулдаг. Иргэн таны автомашиныг нэг машин таглаад тавьчихлаа гэхэд АТҮТ-ийн 1900-1234 дугаар руу ярьж, тухайн автомашины хэрэглэгчийн дугаарыг асуудаг. АТҮТ уг нь төрийн үйлчилгээ үзүүлж байгаа. Яагаад төрөөс үйлчилгээ авч байж, мөнгө төлөх ёстой юм. Төр иргэддээ үйлчилгээ үзүүлэхдээ ядаж мөнгө авдаггүй байх тогтолцоог бүрдүүлэх ёстой.
Авто тээврийн үндэсний төв ганцаараа 1900-тэй тусгай дугаартай. 1900-тэй бол минут тутамдаа 450 төгрөгөөс дээш төлбөр төлөгддөг, харин 1800-тай тусгай дугаар энгийн тарифаар төлбөр төлөгддөг. 1900-тэй тусгай дугаарын төлбөрийг та аль үүрэн холбооны оператораас залгаж байгаагаас хамаарч тухайн оператор компани, Монголын цахилгаан холбоо, Авто тээврийн үндэсний төв хувааж авдаг. Энгийн төлбөртэй 1800 дугаарын төлбөрийг Зөвхөн цахилгаан холбоо компани авч байгаа. Цахилгаан холбоо өөрөө төрийн байгууллага.
Иргэн төрөөс үйлчилгээ авахдаа утсандаа нэгж байхгүйгээс болоод яагаад хохирох ёстой юм. Тиймээс ийм төлбөр байх ёсгүй. Үүнийг Шадар сайд дэмжиж байгаа. Засгийн газрын хуралдаанд оруулахаар болгосон. Энэ долоо хоногийн хуралдаанаар хуралдаанаар орчих байх. Бид бүх материалуудыг хүргэчихсэн байгаа.
-Зохицуулалтгүй, хяналтгүй явсан хэр олон асуудал байна вэ?
-Бид эхнээс нь судлаад, боломжоор нь шалгаад, асуудлыг ил гаргаж тавиад явж байна. Сангийн яамны гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн яамтай хамтраад осолд орсон автомашины импортод хяналт тавихаар тухайн тээврийн хэрэгслийн датаг нээж байна.
Хэрэглэгч буюу иргэд сэлбэг нэрээр оруулж ирээд засаад, зарсан автомашиныг худалдан авч, унаж яваад аваарт орж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гарч байна.
-Төр, хувийн хэвшлийн хооронд шударга өрсөлдөөн байхгүй байна гэж та байр сууриа илэрхийлсэн байсан. Яагаад?
-Программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг залуучууд хиймэл оюун ухааны Чимэгэ системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Эдгээр залуучууд төрөөс ямар ч дэмжлэг авалгүй инноваци нэвтрүүллээ. Хар л даа, яамдын дэргэд байгаа Мэдээлэл технологийн төвүүдээс технологийн шинэ дэвшил, инноваци гарч ирэхгүй байгаа биз дээ. Гэтэл яамдын технологийн төвүүдэд жилдээ 280 гаруй сая доллар эргэлдэж байна. Тендер зарлагадахгүйгээр шууд худалдан авалтаар л очоод байдаг. Энэ чинь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Нөгөө талдаа төр дэргэдээ байгуулсан байгууллагадаа давамгай байдал бий болгож байна. Ийм зүйл байж болохгүй.
Нэгэнт ШӨХТГ гэж байгаа л бол төр, аж ахуй нэгж, иргэн хэнийг ч өрсөлдөөний зах зээлийн зүй тогтол руу чиглүүлж, шударга өрсөлдөөнийг бий болгох тал дээр ажиллаад явах ёстой. Сүүлийн үед гурил, сүүний үнэ нэмэгдсэн асуудал дээр бид хяналт шалгалт хийж, асуудлыг гаргаж тавьсан. Гэтэл гурилын үнийг өсгөж болно, болохгүй гэж яриад байгаа. Гурил, сүүний компаниуд төрөөс хөнгөлөлт эдэлдэг шүү дээ. Тийм учраас бид үнэ тарифыг үндэслэлгүй үнэ өсгөж байна гэж үзээд байгаа юм. Тухайлбал, Алтан тариа ХХК 2020 оны наймдугаар сарын байдлаар НӨАТ-өөс 1 тэрбум 266 сая төгрөг, Гааль дээрээс 602 сая 901 мянган төгрөгийг чөлөөлүүлсэн байна. Гурилын үнийг бид тогтвортой барина гэж хэлээд л ийм хөнгөлөлт эдэлсэн атлаа яагаад үнээ яагаад нэмээд байгаа юм. Эсвэл энэ хөнгөлөлтийг авахгүй ээ гээд чөлөөт зах зээлийн зарчмаараа ажиллаж болно шүү дээ.
Сүү хувьцаат компани 606,6 сая төгрөг, Талх чихэр 1 тэрбум төгрөг, Өгөөж 770 сая төгрөгийн чөлөөлөлт авсан. Чөлөөлөлт авсан бол үнээ нэмэх ёсгүй. Бид ердийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр л асуудал ярьдаг. Түүнээс нэмээ өртөг шингэсэн бүтээгдэхүүн дээр огт үнэ яриагүй. Мөн МИАТ компанид хяналт шалгалт хийсэн. МИАТ-ын албан тушаалтнууд бидэнд тайлбарлахдаа “Нэг талдаа хоосон нисч байгаа, нөгөө талдаа ирж байгаа тариф дээрээ хоолны мөнгө авахгүй байгаа” гэж хэлсэн. Шалгаад үзэхээр гарын авлага, номын мөнгөө аваад л байна. Цар тахалтай, онцгой нөхцөлд эх орондоо ирж байгаа иргэний онгоцны тийз дээрээс ном, гарын авлагын зардал, бизнес лоунзын өртөг, зар сурталчилгааны зардлыг аваад л байгаа юм. Бусад зардал нэрээр нислэг болгон дээр 39 сая төгрөг зоогоод авсан л байна лээ. Хоолыг нь өгөөгүй байж, яагаад хоолны зардал аваад байгаа юм. Энэ шударга явдал юм уу. Үүнийг л бид яриад байна. Түүнээс биш бид Үндэсний агаарын МИАТ-ыг дампууруулах гээд дарамтлаад байгаа юм ердөө байхгүй. Бид энэ бүх баримтыг энэ долоо бүгдийг нь гаргаж тавина.
-ШӨХТГ –ын үйл ажиллагааг ажиглаад байхад үр дүн нээх харагддаггүй байсан.
-Тухайн үеийн удирдлагуудын ажлыг би сайн мэдэхгүй байна. Одоо бол бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж байна. Бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэглэгчийг хохироохгүй, өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд дээр ажиллаж байна. Бид хуулийг дотоодын төвшинд гэж ердөө харж болохгүй. Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн баригдсан байсныг буцаан татахаар саналаа хүргүүлсэн, хэлэлцүүлгийн шатанд байгаа. Өрсөлдөөний тухай хууль Монголын дотоодын аж ахуй нэгжүүдийг дэлхийн хэмжээнд гарахад дэмжлэг үзүүлдэг хууль байх ёстой. Түүнээс биш дотоодын хэдэн компанийн үйл ажиллагааг нь хязгаарлаад, үйл ажиллагааг нь хааж, боодог байж болохгүй. Тэр утгаараа бид БНСУ, ОХУ, БНХАУ, БНКУ, Швейцарын холбооны улс, Гүрж улс, Индонез гэсэн 7 улстай санамж бичгийн хүрээнд ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд гарахад бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр гадаад зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуй нэгжийнхээ эрх ашгийг хамгаалдаг тогтолцоог Монгол бий болгох ёстой.
-Тендерт шударга өрсөлдөөний зарчим алга гэх гомдол нэлээн байдаг.
-ШӨХТГ тендер нээхээс 10 хоногийн өмнөх гомдлыг хүлээн авдаг. Нээснээс хойш үүссэн гомдлыг сангийн яам хүлээн авдаг. Төрийн байгууллагууд тендер зарлахдаа маш их багцалдаг. Тухайлбал, Компьютер, бичгийн хэрэгсэл, ахуйн цэвэрлэгээний хэрэгсэл ч гэдэг юм уу багцлаад байдаг. Энэ нь нэг байгууллагад нь давамгай байдлыг бий болгох, нөгөө компанийг нь тендерт оролцох боломжийг нь хаах нөхцөлүүд болчихдог.
-Тендертэй холбоотой асуудлыг гомдлын дагуу шалгаж байна уу, эсвэл танай байгууллага зарлагдсан тендерүүдийг шүүж байна уу?
-Хүн хүч, цаг хугацааны хувьд тэр болгон тендерүүдийг шүүх боломжгүй учраас ирсэн гомдлын дагуу шалгадаг. Манай зах зээлийн судалгааны газар 2020 оны хэмжээнд задлагдсан тендерийн зах зээлийн судалгааг хийж байгаа. Хаана ямар тендер зарлагдсан, багцалсан тендер байна уу, үгүй юу. Эсвэл давамгай байдал бий болгож, чиглүүлж, ганцхан компанид зориулсан тендер зарласан эсэхийг хянаж байна.
-Иргэдийг бухимдуулж, бас эрх ашгийг нь зөрчдөг асуудал бол яах аргагүй Автомашин ачилт. Энэ асуудлаар танай байгууллагад хэр их гомдол ирж байна вэ?
-Тээврийн цагдаагийн газартай хамтарч ажиллаж байна. Хамтарсан нэвтрүүлгүүд цацагдаад эхэлсэн. Ачилтын компани тухайн авто тээврийн хэрэгслийг ачихдаа заавал зураг авах ёстой. Зургийг авахдаа тухайн автотээврийн хэрэгслийн ойр орчмын тэмдэг тэмдэглэгээний зургийг цуг аваад явуулчихдаг. Ачилтын компанийн уг мэдээллийг үндэслэн замын цагдаагийн газраас зөвшөөрөл өгч байгаа. Заавал ингэж зөвшөөрөл авч байж ачна. Хэрвээ зөвшөөрөлгүй ачсан, аль журмын хашаа руу авч явсан нь мэдэгдэхгүй тохиолдолд торгуулийн мөнгийг төлөх шаардлагагүй. Мөн НӨАТ-ын баримт гаргаж өгөхгүй бол мөнгө төлөх шаардлагагүй.
-Ачилтын компаниуд давуу эрх эдлээд байх шиг байдаг ?
-Ачилтын компанийн давуу байдал эдлэх боломжгүй. Яагаад гэвэл замын цагдаагийн газраас заавал зөвшөөрөл авдаг. 9 сарын эхний 16-17 хоногийн байдлаар 500 гаруй машин ачих хүсэлт ирснээс 240 орчмыг зөвшөөрсөн байсан. Үлдсэн 260 гаруй машиныг зөвшөөрөөгүй, эзэнд нь шууд хүлээлгэж өгсөн байдаг. Тэгэхээр ачилтын компани давуу эрх эдэлж байгаа асуудал байхгүй.