Ж.Сүхбаатар: Сумын ИТХ-д улс төрийн намын бүлэг, эвсэл байгуулахыг хуулиар хориглосон
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр мэдээлэх үеэр, чуулганаар баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.
Намрын чуулганы хугацаанд тус Байнгын хороо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлуулсан нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэхэд чиглэсэн чухал алхам болсныг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Ж.Сүхбаатар онцолж дараах мэдээллийг өгсөн юм.
Өмнөх хуулиар ИТХ-ын хуралдааны чөлөөт цагт тэргүүлэгчид нь хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан буруу жишгийг шинэ хуулиар халжээ. Өөрөөр хэлбэл, Хурал нь асуудлаа бүрэн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хамтын удирдлагын байгууллага байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн итгэлийг алдсан хариуцлагагүй төлөөлөгчийг эгүүлэн татах, нэгдмэл хариуцлагатай, улс төрийн шинэ соёл нэвтрүүлэх, орон нутгийн санхүү, эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлж өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн орчин бүрдүүлэх зэрэг олон шинэ зохицуулалтыг тусгасан. Мөн орон нутгийн бие даасан байдлыг хангах хүрээнд өөрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор иргэдийн шууд удирдлагын хэлбэр болох иргэдийн нийтийн Хурлын ажил, зохион байгуулалтыг тусгайлан зохицуулахын сацуугаар иргэдийн санаачлах эрх, орон нутгийн санал асуулга зэргийг хуульчилж өгсөн.
Орон нутгийн өмчийн эрх зүйн үндсийг тодорхой болгож, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зарчим, төрийн өмчийн удирдлагыг хуулиар тодорхойлсон хязгаарын хүрээнд хэрэгжүүлэх журам болон орон нутгийн өмчид тавих хяналтыг тодорхой болгосон. Түүнчлэн улстөржилтийг арилгах шаардлагын үүднээс Сумын ИТХ-д аливаа улс төрийн намын бүлэг, эвсэл байгуулж ажиллахыг хориглосон.
Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх зарчим, журмыг шинээр зохицуулсан бөгөөд үүнтэй уялдаатайгаар нэгж байгуулахад харгалзах үзүүлэлтүүдийг шинээр тодорхойлж, нэгжийг өөрчлөх асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэх зохицуулалтыг бий болгож, нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байхаар тусгасан. Харин иргэдээс саналыг нь авах ажлыг ИТХ зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд санал авах, үр дүнг тооцох журмыг УИХ тогтооно. Нэгжийг өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн саналд үндэслэх, Засгийн газар санаачлах үндэслэлийг хуулиар тодорхойлсон гэдгийг хэллээ.
Ташрамд дурдахад, Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, давхардсан тоогоор 49 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн. Нийт 13 хуулийн төсөл, УИХ-ын 21 тогтоолын төсөл хэлэлцэж нэгдсэн хуралдаанаар батлуулав. Хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт гурав, анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлт ес, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга тав, бусад асуудлаарх санал, дүгнэлт ес, зарчмын зөрүүтэй 189 саналын томьёолол бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлжээ. Хууль тогтоомжийн төсөл, бусад асуудлыг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих есөн ажлын баг байгуулж, 40 удаа хуралдсан байна. Ажлын багийн есөн танилцуулгыг Байнгын хороогоор хэлэлцсэн. Байнгын хорооны гурван тогтоол хэлэлцэж баталсан байна.