Визийг цахим хэлбэрээр олгох эрх зүйн үндсийг тогтоожээ
2021.02.08

Визийг цахим хэлбэрээр олгох эрх зүйн үндсийг тогтоожээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос намрын ээлжит чуулганаар хийсэн ажлаа танилцуулах үеэр, чуулганы хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд чуулганы хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн мэдээллээ.

Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах ач холбогдолтой зохицуулалтыг тусгасан болохыг тэрбээр нэн тэргүүнд танилцууллаа.

Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг уригч тал болон зорчих хугацаандаа байрлах зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлдэг болж байгаа юм байна.

Түүнчлэн улсын хилийн боомт дээр виз олгох, цахимаар виз олгох, ангиллыг уян хатан зохицуулах, хөнгөлөлт үзүүлэх зэргээр Монгол Улсын визийн зохицуулалтыг боловсронгуй болгох олон зохицуулалтыг хуульчилсан гэв. Визийн ангиллыг Засгийн газар тогтоох бөгөөд ингэснээр визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх, олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтойг дурдсан.

Түүнчлэн визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох эрх зүйн үндсийг тусгажээ.

Ташрамд дурдахад, тус байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 28 санал, дүгнэлт, дөрвөн танилцуулга, зарчмын зөрүүтэй 235 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Нийт 29 хууль, найман тогтоол батлуулсан, хэлэлцүүлгийн шатанд найман төсөл  байгаа бөгөөд ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэн, батлуулахаар төлөвлөжээ.