Л.Оюун-Эрдэнэ: Коронавирусний ДӨРВӨН ВАКЦИН авахаар гэрээ хийсэн
2021.02.10

Л.Оюун-Эрдэнэ: Коронавирусний ДӨРВӨН ВАКЦИН авахаар гэрээ хийсэн

Монгол Улс ДЭМБ-ын зөвшөөрөл олгосон коронавирусний "Астразенака", "Файзер"-ын вакцин авахаар гэрээ хийж байна. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засаг, эрүүл мэндийн 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг өнөөдөр танилцуулахдаа онцоллоо.

Мөн "Спутник 5" болон Синофармын вакцинд зөвшөөрөл олгохыг хүлээж байгааг тэрбээр онцолсон юм.

Тэрбээр, “ДЭМБ зөвшөөрөл өгөхөөс өмнө вакциныг татаж аваад, стандартын дагуу хадгалах ажлыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол Улс нийт хүн амынхаа 60 орчим хувь буюу 2 сая иргэнээ вакцинжуулбал коронавирусний эрсдэлээс сэргийлэх боломжтой гэдгийг ДЭМБ зөвлөж байгаа. Дээрх дөрвөн вакциныг үйлдвэрлэгчидтэй гэрээ хийсэн бөгөөд заримыг нь буцалтгүй тусламжаар авах юм. Эрүүл мэндийн салбар болон голомтод ажиллаж байгаа хүмүүс, мөн экспортын жолоочоос эхлээд улс орны эдийн засгийн гол ачааг үүрч байгаа хүмүүсийг эхний ээлжинд хамруулна. Мөн ахмадууд, суурь өвчинтэй хүмүүсийг вакцинжуулах юм.

Эхний ээлжинд 300 мянган тун вакцин авахаар төлөвлөж байна.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд вакцин импортлоход Засгийн газартай хамтран ажиллах санал тавьсан бөгөөд бид бодлогын хүрээнд энэ асуудлыг нээлттэй үлдээж байгаа. Коронавирусний вакцин авахад Монгол Улстай хамтран ажиллаж байгаа ОХУ, БНХАУ, БНЭУ, Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлье” гэлээ.