2023.07.04

Ковидын төсвөөр бүх нийтэд нээлттэй, ил, тод “СОНСГОЛ” явуулна

Өнөө цагт ард түмний төрд итгэх итгэл суларч, зарцуулсан нэг төгрөгийн араас ч чих тавьж байгаа нь нууц биш. ЖДҮХС, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан, төрийн байгууллагуудын тендер гэхчлэнгээр төрийн хөрөнгийг хулгайлж, хумсалсан баримт нотолгоо, түүхэнд гарч байгаагүй гамшигт явдлын эх үндэс, эзэн холбогдогчдын гинжин хэлхээ шил даран илчлэгдсэнийг бид нэхэн санах учиртай.

Улс эх орны хөгжил, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх улмаар иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд зориулсан Хөгжлийн банкны гаргасан 3.3 ихнаяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсэж, эндээс үүдсэн хохирол нь зөвхөн тухайн банкаар зогсохгүй Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, дэлхий нийтийн хамгийн их сэрэмжлэн болгоомжилдог авлига, ашиг сонирхлын хэрэг болсон нь хэдийн илчлэгдсэн билээ.

Түүхэнд гарч байгаагүй энэ гамшигт явдлын эх үндэс, эзэн холбогдогчдын гинжин хэлхээг тодруулах зорилгоор Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо,хилийн боомтын асуудлаар хянан шалгах түр хороог тус тус байгуулсан. Тус үйл явдал нь манай улсын парламентын түүхэнд анх удаа тохиосон өндөр хариуцлагатай ажил болсныг нэхэн сануулах нь зүйтэй биз ээ.

Энэ бүхний араас “Ковид-19” цар тахлын үеийн халдварын эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан их хэмжээний хөрөнгө, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл тусламж болон дотоодын иргэн, аж ахуй нэгжүүдийн хандив тусламж буруу гараар орж, хулгайлагдсан байхыг үгүйсгэх аргагүй хэмээх олны хардлага цөөнгүй байгаа нь нууц биш.

Тэгвэл яг энэ хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Ковид-19” цар тахлын төсвөөр нээлттэй сонсгол хийхийг шаардсаар ирсэн. Ковидын жилүүдэд онцгой нөхцөл байдал гэдэг утгаараа тендергүй шууд худалдан авалт хийдэг байсны дээр, “Оюутолгой” ХХК,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК болон Олон улсын байгууллагуудаас авсан зээл тусламжийн санхүүжилтийн дүн, зарцуулалтыг ард түмнийхээ өмнө ний нуугүй дэлгэж, цаашид дээрх шиг жигшүүрт хэрэг гарахаас сэргийлэх ажлыг Ардчилсан намын бүлэг ийн санаачиллаа.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

Төрийн бүх мэдээлэл ил тод байх ёстой. Нууц байх тусам хулгай байдаг нь нотлогдож байна. Гэтэл эрх баригчидтай холбоотой асар том зүйл нууц хэвээр байна. Жишээлбэл “Ковид-19” цар тахлын үеийн төсвийн зарцуулалтын ил тод байдал хаана байна вэ. Тухайн үед манай улсад олон улсын тусламжийн байгууллагын хандив, "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК, "Оюу Толгой" ХХК зэргээс өгсөн мөнгө хэр их вэ гэдэг нь тодорхойгүй. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа, үйлчилгээг шууд худалдаж авч байсан юм. Тиймээс Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй” хэмээв.

Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналын дагуу Коронавируст халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, зээл тусламж зэргийг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсголыг хийхээр тов зарлагдлаа.

Уг Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын таван гишүүн ажиллах аж.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ажиллахаар сонгогдсон бөгөөд нээлттэй сонсгол ирэх аравдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Төрийн ордонд БОЛНО.