Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс "КОВИД-19"-ын вакцин татаж авах ажил эхэллээ
2021.02.16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс "КОВИД-19"-ын вакцин татаж авах ажил эхэллээ

“Манай улс “Ковид-19”-ийн вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангалаа.

Өнөөдрөөс вакцин татаж авах ажил эхэлж байна. Шаардлагатай хөрөнгийг Засгийн газар гаргана. Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Тэрээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллан вакцин хүлээж авах, хадгалах бэлэн байдлыг шалгалаа.

Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй  хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа тухай Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм. Цар тахлын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа, түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНСУ-ын SKBio, БНЭУ-ын Serum Institute of India компанид үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинд зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр Монгол Улс хүн амынхаа 20 хувь буюу 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг Ковакс хөтөлбөрийн хүрээнд авах боломжтой. Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн оны 12 дугаар сард Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон юм. Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн вакциныг хэрэглэх ёстой.

Гэхдээ Засгийн газар цаг хожих үүднээс дээрх компаниуд болон ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг татан авч иргэддээ сонголт хийх боломж олгохоор төлөвлөсөн юм. Цаашид вакцины хадгалалт, хамгаалалт, түгээлтэд хяналт тавих, иргэдэд вакцины талаар үнэн зөв ойлголт, мэдээлэл өгөх зэрэгт анхаарахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албаны хүмүүст чиглэл болгов. Мөн вакцинжуулалтын суурь нөхцөл болох "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд идэвхтэй хамрагдаж байгаа иргэдэд талархал илэрхийлэв. Энэ сарын 23-ны өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг дуусахтай зэрэгцэн вакцинжуулалт эхлэх юм