УИХ-ын гишүүн Д.Батлут Засаг даргын үүрэгт ажлаа орлогч С.Батжаргалд хүлээлгэн өглөө
2020.07.05

УИХ-ын гишүүн Д.Батлут Засаг даргын үүрэгт ажлаа орлогч С.Батжаргалд хүлээлгэн өглөө

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Дамбын Батлут УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхлээд байна.

Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар захирамжаар Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Дамбын Батлутыг чөлөөлж, дараагийн Засаг даргыг шинээр томилох хүртэл Засаг даргын бүрэн эрхийг  Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Сэмжидийн Батжаргал хэрэгжүүлэн ажиллахаар болсон билээ.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батлут аймагтаа хүрэлцэн ирж Засаг даргын ажлаа хүлээлгэн өглөө.

Ажил хүлээлцэх, Орхон аймгийн Засаг даргын тамгыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон Засаг даргын орлогч нар, ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцлоо.  

Үйл ажиллагааны эхэнд 2019 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн зарим байгууллагуудад шагнал гардуулав. 

Энэ үеэр Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд Монгол улсын Ерөнхий сайдын захирамжийг уншиж танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Д.Батлут аймгийн Засаг даргын тамгыг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалд гардуулан өглөө.

Мөн бодлогын баримт бичгүүд болох,

  • Орхон аймаг, Эрдэнэт хотын Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025
  • Тогтоол, шийдвэрүүд болон бодлогын баримт бичгийн эмхтгэл
  • Аймгийн 2020 оны төсөв, эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ
  • Орхон аймаг, Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын эмхтгэл /2016-2020 он/
  • Орхон аймгийн Статистикийн эмхтгэл, сэдэвчилсэн танилцуулга зэргийг мөн хүлээлгэн өглөө.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Батлут хамтран ажилласан баг хамт олон, удирдлагууд, Орхон аймгийн иргэддээ хандаж үг хэлэв. Мөн аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал нар амжилт хүсэн үг хэллээ.

Эцэст нь Монгол улсын төрийн дуулал эгшиглэж энэхүү ёслолын арга хэмжээ өндөрлөв.

УИХ-ын гишүүн Д.Батлутыг Орхон аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилласан хугацаанд Орхон аймаг 3 жил дараалан Монгол улсын шилдэг тэргүүний аймгаар, Жаргалант сум Монгол улсын тэргүүний сумаар тус тус шалгарсан.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Орхон аймгийг Эрдэнэт хот болгох эрх зүйн үндэс баталгаажсан, Хүний хөгжилд чиглэсэн 18 дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа, ШУТП байгуулагдаж Эрдэнэтчүүд анх удаа гагнуурын электрод, будаг үйлдвэрлэж эхэлсэн, өмнө нь царцаагдаад байсан олон цэцэрлэг сургууль, эмнэлэг шинээр ашиглалтад орсон, Эрдэнэт хотыг үер усны аюулаас хамгаалах далан суваг барих ажил эхэлж, цаашид Европын сэргээн босголт хөгжлийн банкны 14 сая ам. долларын зээлийн хүрээнд иж бүрэн төсөл хэрэгжиж түүний 50 хувь нь буцалтгүй тусламжаар хийгдэхээр болсон, “ЭДЦС” ТӨХК-ийн өргөтгөл барих ажил хийгдэж байгаа, Жаргалант суманд 8 мвт-ын технологийн уур гаргах хүчин чадалтай уурын зуух баригдаж энэ онд ашиглалтад орох, 6.8 сая ам. долларын өртөгтэй Эрдэнэт хотын ард иргэдийн цахилгаан хангамжийн асуудлыг сайжруулах төсөл, Польш улсын 9 сая Еврогийн хөнгөлөлттэй зээлээр Хог боловсруулах үйлдвэр барих ажил хийгдэж эхнээсээ үр дүнгээ өгч эхлээд байгаа зэрэг олон томоохон ажлууд амжилттай хэрэгжиж байна.

Мөн Д.Батлутын Орхон аймгийн Засаг даргаар ажиллах хугацаанд хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, соёл, биеийн тамир спорт, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт орон нутгийн төсвөөс 153,7 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Ийнхүү цаашид дараагийн Засаг дарга томилогдох хүртэл Орхон аймгийн Засаг даргын бүрэн эрхийг С.Батжаргал хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.