“Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” Үндэсний өдрийг үр бүтээлтэй тэмдэглэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
2021.03.16

“Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” Үндэсний өдрийг үр бүтээлтэй тэмдэглэх хэрэгтэй

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” Үндэсний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг ч энэ жил энэ өдрийг тэмдэглэсэнгүй.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өнгөрсөн 2 жил энэ өдрийг тэмдэглэх ажлын хэсгийг ахалж ажилласанаас гадна төсвөөс нэг ч төгрөг авалгүй улсын хэмжээнд зохион байгуулсан юм. 2019 онд “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” анхны арга хэмжээг Үндэсний үйлдвэрлэгч нарт хандан зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан Үндэсний үйлвэрлэгч нарт хүүхдүүдэд зориулсан бараа бүтээгдэхүүн, сурагчийн дүрэмт хувцас, ширээ сандал, сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж, цүнхний стандарт, мөн хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийн асуудал, шинээр баригдаж байгаа сургууль цэцэрлэг, дотуур байрны барилгын чанар стандарт, тэдэнд зориулсан үйлчилгээ, харилцаа, хамгаалалт хамгийн дээд хэмжээнд чанар стандартын шаардлага хангасан байх ёстойг шаардаж уриалж байсан.

Мөн хүүхдийг телевиз, өргөн нэвтрүүлгийн орон зай болон цахим орчинд эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулга бүхий, бусдыг гүтгэх, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, жендэрийн ялгаварлан гадуурхалт, согтууруулах ундаа, шашны харгис урсгал, зан үйл, хүүхдийн эрүүл мэндэд зохисгүй хоол, хүнс сурталчилсан контент, кино, зар сурталчилгаанаас хамгаалан хамтран ажиллах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүйн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизүүдийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байсан билээ.

Санамж бичигт хүүхэд сэрүүн байх цагаар дээрх төрлийн контент зар сурталчилгаа явуулахгүй байхаар тусгасан. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд телевизүүдийн контентод хяналт тавих ажлыг тусгай зөвшөөрөл олгож буй ХХМТГ, ХХЗХ төдийлөн төдийлөн сайн хэрэгжүүлж чадахгүй байна.

2020 оны Хүүхэд Эрхэм Хэрэглэгч өдрийг Миний Гэр Аюулгүй Орчин уриатай тэмдэглэж улсын хэмжээнд анх удаа 860,000 өрхөд эрсдлийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулсан.

Нэг жилд зөвхөн гэртээ бэртэж гэмтэж, хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо 20,000 давсан харамсалтай тоо баримтыг зүгээр л сонсоод өнгөрч болохгүй юм. Холбогдох яамд байгууллагууд, ялангуяа Гэр бүл хүүхэд залуучуудын газар хүүхэд хамгааллын үндсэн ажлаа хийж энэ мэт тэмдэглэлт өдрийг алгасалгүй үр дүнтэй, санаачилгатай, сэтгэлтэй ажилламаар байна гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан сануулжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn