Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймгийн онцгой комиссын гишүүдтэй цахимаар хуралдлаа
2021.03.16

Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймгийн онцгой комиссын гишүүдтэй цахимаар хуралдлаа

Тус аймагт өчигдөр буюу 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10-15 цагийн турш үргэлжилсэн цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 468 иргэн сураггүй алга болсон.

Аймгийн Онцгой комиссоос 578 ажилтан, албан хаагч 186 техникийн тусламжтайгаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулсан байна. Үүний дүнд өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 459 иргэнийг олсон ч 9 хүн амь насаа алджээ.

34-40 м/секунд хурдтай шороон шуурганд 1.6 сая мал уруудан, 69 барилга, обьектын дээвэр хуурч, 30 автомашины шил хагарч, 587 хашаа хороо унаж, 92 гэр нурсан байна. Хохирлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд сумдад шаардлагатай тусламжийн баг ажиллуулж, гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн тухай аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд Шадар сайд гүн эмгэнэл илэрхийллээ. Цаг уурын аюулт үзэгдлийн талаар сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэд, малчдад урьдчилсан хүргэж, сануулсаар байтал золгүй явдал тохиолдож байгааг аймгийн Онцгой комисс анхаарах, цаашид эрсдэлтэй бүс нутагт хаваржиж байгаа малчдын судалгааг нэн яаралтай гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов.

Мөн хохирлын хэмжээг бодитой гаргах, шаардлагатай тусламж, үйлчилгээний хүсэлтээ яаралтай ирүүлэхийг даалгав. Гамшигт үзэгдэл дахин давтагдаж болзошгүй тул бэлэн байдлаа хангаж, сэрэмжлүүлэг, мэдээллийг бүх хэлбэрээр түгээх, Улсын онцгой комисст цагийн байдлаа тухай бүр өгч байхыг чиглэл болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.