Ажлын хэсгийн гишүүд дархлаажуулалтын явц байдалтай танилцлаа
2021.03.09

Ажлын хэсгийн гишүүд дархлаажуулалтын явц байдалтай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 16 дугаар захирамжаар байгуулагдсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.03.09) эрүүл мэндийн байгууллагуудад ажиллалаа.

Манай улсад коронавируст халдвар (Ковид-19)-ын батлагдсан тохиолдол 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 10:00 цагийн байдлаар 3372 (+36) бүртгэгдсэн. 

Коронавируст халдвар (Ковид-19)-ын батлагдсан тохиолдлуудыг аймаг, нийслэлээр авч үзвэл Улаанбаатарт 2512 (+33), Архангай 3, Говьсүмбэр 4, Дархан-Уул 45, Дорноговь 32, Завхан 2, Орхон 25, Сэлэнгэ 217, Төв 7 (+3), Энхсаран тусгаарлалтын байранд 49, ХӨСҮТ-д 33, ЦТЭ-т 22, ЭНЭҮТ-II-1, зөөвөрлөгдсөн 421 бүртгэгдээд байна.

Улсын хэмжээнд Коронавируст халдвар (Ковид-19) -ын эсрэг дархлаажуулалт өнгөрөгч хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өчигдрийн (2021.03.08) байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын 13.962, дүүргийн онцгой байдлын 1.219, Цагдаагийн 2.862, Мэргэжлийн хяналтын 146, хорооны хэсгийн ажилтан 1368, 59-64 насны 69, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын 1350, нийт 20976 иргэнийг тус тус дархлаажуулалтын 1 дүгээр тунд хамруулжээ.

Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн 8200 хүн вакцинжуулалтад хамрагдана.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 6 цэгээр вакцинжуулалтыг хийх бөгөөд өнөөдрийн байдлаар 5 дахь цэгээ нээн ажиллуулж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, онцгой байдал, цагдаа, хороо хэсгийн ажилтан зэрэг зорилтот бүлгийн нийт 8240 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар 3000 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Өдөрт нэг цэг дээр 214 орчим хүнд вакцины 1 дүгээр тунг хийхээр төлөвлөсөн бөгөөд УИХ-ын ажлын хэсгийн гишүүдийг ажиллах үеэр буюу 13.00 цагт хоёр цэгт 190 хүнийг вакцинд хамруулаад байна гэдгийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан хүүхдийн эмч Г.Эрдэнэтуяа хэлж байлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ,”Чингэлтэй дүүрэг 160 гаруй мянган өрхтэй. Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэнд, онцгой, цагдаагийн алба хаагчдыг хамруулахаар төлөвлөж байгаа. Өнөөдрөөс эхлэн энгийн иргэд харьяаллын дагуу вакцинжуулалтад хамрагдах боломжтой болсон. Чингэлтэй дүүргийн хувьд бэлтгэл ажил сайн явж байна.

Монгол Улс анх удаа энэ вакциныг хийж байгаа учраас тухайн иргэнд үзүүлэх хариу урвал, хүндрэлийг хянах, ажиглах өрөөг хүртэл байгуулах шаардлагатай болсон. Вакцин тариулсан иргэдийн 30 орчим хувьд нь халуурах, толгой эргэх, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Вакцин хийлгэснээс хойш 15-30 минутын дараа шинж тэмдэг илрэх нь түгээмэл ажиглагдаж байгаа. Иймд дархлаажуулалтын цэгүүдээ аль болох эрүүл мэндийн байгууллагуудыг түшиглэж байгуулах нь оновчтой байна.

Нийслэлд 44 байршилд вакцинжуулалт хийхээр төлөвлөснөөс 30 нь эрүүл мэндийн байгууллагуудыг түшиглэсэн, 14 нь томоохон заал танхимуудыг ашиглахаар бэлтгэл ажлаа хийж байгаа. Заал танхимуудыг ашиглахад компьютер, сүлжээ болон халдвар хамгааллын асуудал тулгарч байна” гэв.

Дархлаажуулалтын цэгүүд дээр зохион байгуулалтын асуудлыг анхаарах шаардлагатай байгаа нь нийтлэг ажиглагдаж байна. Нэг хүнд зарцуулах хугацаа 30-40 минут, зарим үед 50-60 минут болж байна. Ажиглалтын өрөөнд байх, асуумж бөглөх зэргээр хугацаа шаардаж байгааг хөнгөвчлөх, нэгдсэн цахим системийг ашиглах талаар зохицуулалт хийх хэрэгтэй. УИХ-аас хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, удаашралтай байгаа асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Иргэдээ аюулгүй, эрсдэлгүй орчинд вакцинжуулалтад хамруулах цогц үйл ажиллагаа явагдаж байгаа учраас эмч, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжүүдийг анхаарах нь чухал байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 29 мянга гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Чингэлтэй дүүргийн хувьд энэ сард багтаан зорилтот 8200 хүнээ бүрэн хамруулна. Дархлаажуулалтын ажлыг мэргэжлийн баг хийх ёстой гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар дархлаажуулалтын ажил гээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орхигдуулж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэллээ.

Чингэлтэй дүүргийн хувьд дархлаажуулалтын нэг цэг дээр 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Нэмэлтээр олон цэг байгуулахад эмнэлгийн стандартын шаардлага хангах байрны асуудал тулгарч байгааг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва хэлж байлаа.

Нэг хүнд зарцуулах хугацааг багасгаж, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа, Б.Жаргалмаа нар Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажилласан.

Баянгол дүүргийн эрүүүл мэндийн төвийн хэмжээнд КОВИД-19 халдварын дархлаажуулалтын УБЦТС ТӨХК-ийн, ДЦС-4-ийн, Явуулын 2 цэг  нийт  4 цэг ажиллаж байна. Дархлаажуулалтын байнгын  цэг нь хүлээлгийн хэсэг, бүртгэл, эмчийн үзлэгийн хэсэг, дархлаажуулалтын хэсэг, дархлаажуулалтын дараах ажиглалтын хэсгүүдээс бүрдсэн.

Цэг тус бүрт 1-3 үзлэгийн эмч, 1-3 вакцинатор, 1-3 бүртгэгч-сувилагч, 2 зохицуулагч, дархлаажуулалтын дараах ажиглалтын 1 эмч, 1 сувилагч, 1 ариутгагч, 1 үйлчлэгч гэсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2099 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 1089 тун вакцинд нэгдсэн эмнэлгийн 200 эмч, ажилтан, нийт 6 өрхийн эрүүл мэндийн төвийн 79 эмч, ажилтан, цагдаагийн 189 алба хаагч, онцгой байдлын 189 алба хаагч, Засаг даргын Тамгын газрын 43 ажилтан, дотоодын цэргийн 416 алба хаагчдыг хамруулсан байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дархлаажуулалтын 2 цэг ажиллаж байгаа бөгөөд цэг тус бүрт 18 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж 811 хүнийг вакцинжуулжээ.

Эмнэлгийн байгууллагын ачаалал их байгаагаас шалтгаалан нарийн мэргэжлийн эмчийн тоо хангалтгүй байх, нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн хүртээмж болон вакцинжуулалт хийх стандартын байрны хангалт муу зэрэг асуудлууд дархлаажуулалтын цэгүүдэд нийтлэг тулгамдаж байна.

Мөн ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу нэг хүнд зарцуулах цаг 30-40 минут байгаа нь дархлаажуулалтын явц удаашрахад нөлөөлж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд дээрх асуудлуудыг шийдэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.